АНУ-ын Майами хотод төвтэй биткойн олборлолт болон санхүүгийн менежментийн American Bitcoin Corp. (Nasdaq: ABTC) компани гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тус компани өмнөх хоёрдугаар улиралд 57.2 сая ам.долларын алдагдал хүлээж байсан бол энэ удаа 126 сая орчим ам.долларын цэвэр ашигтай ажилласан байна.

Энэхүү ашгийн гол хөдөлгөгч хүч нь олборлолтын орлого бус, харин компанийн эзэмшиж буй дижитал хөрөнгийн үнэлгээний өсөлт буюу 197.3 сая ам.долларын ашиг байжээ. Мөн компанийн үйл ажиллагааны орлого 191.8 сая ам.долларт хүрсэн бөгөөд бусад зардалд деривативын 64.3 сая ам.долларын алдагдал багтсан байна. Компанийн тайланд дурдсанаар, тохируулсан EBITDA нь өмнөх улиралд 45.0 сая ам.долларын алдагдалтай байснаас эргэн сэргэж, 221 сая орчим ам.долларт хүрчээ.

Олборлолт ба санхүүгийн үзүүлэлтүүд

American Bitcoin гуравдугаар улиралд нийт 891 орчим биткойн олборлосон нь өмнөх улирлын 932 биткойноос буурсан үзүүлэлт юм. Нэг биткойн олборлох зардал өмнөх улиралд 36,500 орчим ам.доллар байсан бол улирлын чанартай цахилгааны зардал өссөнөөр 42,100 ам.доллар болж нэмэгджээ. Харин олборлолтын нийт орлого хоёрдугаар улирлын 67.0 сая ам.доллароос 63.4 сая ам.доллар болж буурсан бол нийт ашиг 25.8 сая ам.доллар (41%-ийн ашигт ажиллагаа) болсон байна.

Есдүгээр сарын 30-ны байдлаар компанийн биткойны нийт нөөц 5%-иар өсөж, 8,427 BTC орчимд хүрсэн байна. Үүнд Bitmain-тэй байгуулсан гэрээний хүрээнд олборлох төхөөрөмж худалдан авахад барьцаалсан 3,090 орчим биткойн багтаж байгаа аж. Мөн нэгж хувьцаанд ногдох сатошигийн хэмжээ 5% орчмоор нэмэгдэж 11,572 болжээ.

American Bitcoin компанийн хувьцааны дийлэнх хувийг Hut 8 эзэмшдэг бөгөөд уг төслийг 2025 онд Эрик Трамп, Доналд Трамп Жр нарын дэмжлэгтэйгээр эхлүүлж байжээ. Bitcoin Magazine-ийн өмнөх мэдээллээр Трампын гэр бүл тус компанийн 20 орчим хувийг эзэмшдэг байна.