АНУ-ын телевизийн алдарт дууны тэмцээн болох American Idol нэвтрүүлэг 25 дахь улирлаа үзэгчдийн хүртээл болгохоор албан ёсоор баталлаа. Энэхүү тэмцээн нь ирэх онд 25 жилийн ойгоо тэмдэглэх юм.

Шинэ улирлын нэвтрүүлэг ABC сувгаар гарах бөгөөд маргааш нь Disney+ болон Hulu платформ дээр цацагдана. Мөн нэвтрүүлэг шууд эфирээр явах үед Disney+ дээр давхар дамжуулагдах ажээ. Одоогоор нэвтрүүлгийн хөтлөгч Ryan Seacrest болон шүүгчид болох Lionel Richie, Luke Bryan, Carrie Underwood нар эргэн ирэх эсэх нь тодорхойгүй байна.

Тэмцээний 25 дахь улирлын эхлэл болгон наймдугаар сарын 25-наас “Idol Across America” нэртэй виртуал сонгон шалгаруулалт эхэлнэ. Энэхүү шалгаруулалт нь АНУ-ын 50 муж болон Вашингтон Д.С. хотыг хамарч, ирээдүйн дуучныг хайх юм. Оролцогчид өөрийн байгаа газраасаа нэвтрүүлгийн продюсеруудтай холбогдон авьяасаа сорих боломжтой бөгөөд 15 ба түүнээс дээш насны хүн бүр оролцох эрхтэй. Түүнчлэн дэлхийн өнцөг булан бүрээс хүсэлт илгээх боломжтой нээлттэй сонгон шалгаруулалтууд ч мөн зохион байгуулагдах юм.

Тэмцээний 24 дэх улиралд Миссури мужийн иргэн Hannah Harper ялалт байгуулсан билээ. Энэ нь 2005 оноос хойш тус тэмцээнд ялалт байгуулсан анхны эмэгтэй кантри дуучин болсон юм.