АНУ-ын алдарт авьяас шалгаруулах “American Idol” телевизийн шоу 25 дахь улиралдаа бэлтгэж байна. Тус түүхт улирлын шүүгчдийн бүрэлдэхүүнд Кэрри Андервүүд, Люк Брайан, Лайонел Ричи нар эргэн ирж ажиллахаар болсон нь албан ёсоор батлагдлаа. Түүнчлэн “Эмми”-гийн шагналт хөтлөгч, продюсер Райан Сикрест тэдэнтэй дахин нэгдэх юм.

Энэхүү мэдээг шүүгч Люк Брайан есдүгээр сарын 25-ны пүрэв гарагт Теннесси мужийн Нэшвилл хотын “Bridgestone Arena”-д болсон тоглолтынхоо үеэр анх зарласан байна. Зүрхний тосгуурын фибрилляци өвчнөө эмчлүүлэх мэс ажилбарт ороод байсан Лайонел Ричигийн хувьд энэ нь таатай мэдээ боллоо. Түүний төлөөлөгч “Billboard”-д өгсөн мэдэгдэлдээ, эмч нар хагалгааг маш амжилттай болсон гэдгийг хэлсэн бөгөөд дуучин түр хугацаанд амарч байгаад удахгүй тайзнаа эргэн гарна гэжээ.

Мөнгөн ойн 25 дахь улирал 2027 онд үзэгчдийн хүртээл болох бөгөөд цацагдаж эхлэх нарийн тов нь одоогоор тодорхойгүй байна. Тус нэвтрүүлэг “ABC” сувгаар гарч, маргааш нь “Disney+” болон “Hulu” платформ дээр цацагдах юм.

Одоогоор “Idol Across America” нэртэй цахим сонгон шалгаруулалт үргэлжилж байгаа бөгөөд оролцогчид аравдугаар сарын 9-нийг хүртэл дэлхийн хаанаас ч продюсеруудтай онлайнаар холбогдон шалгуулах боломжтой. Сонгон шалгаруулалтад 2027 оны хоёрдугаар сарын 15-ны байдлаар 15 ба түүнээс дээш настай байх шаардлага тавьж байна. Хамгийн сүүлийн буюу 24 дэх улиралд Миссури мужийн ээж Ханна Харпер түрүүлсэн бөгөөд тэрбээр 2005 онд Кэрри Андервүүд түрүүлснээс хойш тус шоуны ялагч болсон анхны эмэгтэй кантри дуучин болсон билээ.