Хиймэл оюуны салбарт тэргүүлэгч Anthropic компани мэргэжилтнүүд болон жижиг бизнесүүдийн өдөр тутмын амьдралыг зохицуулахад туслах зорилготой Claude Duet хэмээх шинэ хиймэл оюуны (AI) агентаа Лхагва гарагт зарлалаа. Энэхүү агент нь Meta-ийн Muse болон OpenAI-ийн Dots зэрэг өрсөлдөгчдийн дунд гарч ирж байгаа бөгөөд таны мессеж, ажлуудыг хянаж, чухал гэж үзсэнээ сануулахын зэрэгцээ даалгасан ажлуудыг бие даан гүйцэтгэх амлалт өгч буй аж.

Claude Duet нь хяналтгүйгээр бие даан ажиллах зориулалттай боловч хэрэглэгчийн нэрийн өмнөөс аливаа үйлдэл хийхээсээ өмнө зөвшөөрөл авна гэж мэдээлжээ. Хэрэглэгч хийлгэх ажлаа богино зурвасаар бичихэд л Duet цаанаа ямар апп ашиглах, ямар дарааллаар гүйцэтгэхээ өөрөө тооцоолдог байна. Ажил дууссан үед эсвэл хэрэглэгчийн мэдэх шаардлагатай зүйл гарвал тухай бүрд нь мэдэгдэх гэнэ.

Хийж чадах ажлууд болон тавигдсан хязгаарлалтууд

Anthropic-ийн өгсөн жишээгээр бол уг агент нь Gmail болон Slack дээр ирсэн хариулаагүй мессежүүдэд хариу бичих, Gusto ашиглан цалин бодох, Intuit QuickBooks эсвэл Stripe дээрх төлөгдөөгүй нэхэмжлэхүүдэд зориулж сануулгын ноорог бэлтгэх боломжтой. Мөн ажлын байрны зарын ноорог бэлтгээд хэрэглэгчийн зөвшөөрөлтэйгөөр LinkedIn-д нийтлэх, Canva ашиглан бүтээгдэхүүний сурталчилгаа бэлдэх, түүнчлэн Shopify дээр онлайн дэлгүүр тохируулж удирдахад туслах юм.

Гэхдээ системд хатуу хяналт хязгаарлалт бий гэдгийг компани онцолж байна. Тухайлбал, зурвас илгээх, төлбөр хийх, баримт бичигт гарын үсэг зурах, файл устгахын өмнө заавал хэрэглэгчийн зөвшөөрлийг шаардана. Түүнчлэн хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн ч гэсэн үнэт цаас арилжаалах эсвэл данс хооронд мөнгө шилжүүлэх зэрэг үйлдлийг Claude Duet огт хийхгүй ажээ.

Ажиллах зарчим ба ашиглах боломж

Шинэ агент нь Claude Opus 5.5 дээр суурилсан бөгөөд виртуал машин дээр ажилладаг тул хэрэглэгчийн компьютер, утас асаалттай байх шаардлагагүй давуу талтай юм. Claude Duet нь Anthropic-ийн Pro болон Max төлөвлөгөөтэй хэрэглэгчдэд зориулан iOS, Android болон claude.ai дээр бэлэн байгаа бөгөөд одоогийн Claude-ийн ашиглалтын лимитийг хамтран хуваалцах юм байна. Одоогоор уг агент нь судалгааны горимд (research mode) байгаа тул сонирхсон хэрэглэгчид хүлээлгийн жагсаалтад бүртгүүлэн хандах эрх авах боломжтой ажээ.

Энэ онд Duet, Muse, Dots зэрэг AI агентууд маш их нэр хүндтэй байна. Жишээлбэл, Meta компанийн Muse хоёр сар хүрэхгүй хугацаанд 10 сая удаа татагдсан талаар тус компанийн гүйцэтгэх захирал Марк Закерберг Лхагва гарагт мэдэгдсэн байна. Гэвч энэ богино хугацаанд тус апп нь хэрэглэгчдийн найз нөхөд, ойр дотныхны мэдээллээр файл үүсгэсэн, Facebook Marketplace-ийн худалдан авагчийг хэрэглэгчийн гэр рүү илгээсэн зэрэг маргаантай асуудлуудад орооцолдоод байгаа юм.