Apple компани зургаадугаар сард болсон WWDC 2026 арга хэмжээний үеэр Siri AI болон үйлдлийн системийн шинэ үеийн шинэчлэлтүүдээ танилцуулсан билээ. Тэгвэл энэ долоо хоногийн даваа гарагт iOS 27, macOS 27 Golden Gate, iPadOS 27, watchOS 27, tvOS 27 болон visionOS 27-ийн олон нийтийн бета хувилбаруудыг албан ёсоор гаргалаа. Үүнтэй зэрэгцэн хэрэглэгчид хиймэл оюун ухаанд суурилсан виртуал туслах Siri AI-г туршиж үзэх боломжтой бета хувилбарыг нээж, хүлээлгийн жагсаалтыг эхлүүлээд байна.
Төхөөрөмжийн нийцтэй байдал
Гэвч iOS 27 бета хувилбарыг суулгаснаар Siri AI автоматаар идэвхжихгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Түүнчлэн бүх төхөөрөмж Apple Intelligence болон Siri AI-г дэмжихгүй юм. Тухайлбал, iPhone-ийн хувьд iPhone 15 Pro, 15 Pro Max, 16-ийн цуврал болон 17-ийн цуврал, мөн iPhone Air загварууд дэмжигдэх боловч бүрэн боломжууд нь зөвхөн iPhone Air, 17 Pro болон 17 Pro Max дээр л боломжтой.
iPad хэрэглэгчдийн хувьд M1 чип болон түүнээс хойшхи загварууд, эсвэл A17 Pro чиптэй iPad mini шаардлагатай. Харин бүрэн боломжуудыг ашиглахын тулд M4 чип болон дор хаяж 12GB RAM хэрэгтэй. Mac төхөөрөмжүүдийн хувьд M1 чипээс дээшхи загварууд дэмжигдэх ба бүрэн ажиллагаатай байхын тулд M3 чип, 12GB RAM байх шаардлагатай юм. Vision Pro төхөөрөмжийн хувьд бүх загвар visionOS 27-ийг дэмжих ч Siri AI-ийн бүрэн боломжийг зөвхөн M5 Vision Pro дээр ашиглах боломжтой.
Хэрхэн нэгдэх вэ?
Хэрэв таны төхөөрөмж дээрх шаардлагыг хангаж байвал дараах алхмуудыг дагана уу:
1. Apple бета програмд бүртгүүлж, төхөөрөмжөө бүрэн нөөцлөх (backup).
2. Тохиргоо (Settings) хэсгийн Software Updates-ээр дамжуулан iOS 27 Public Beta-г суулгах.
3. Siri AI-ийн хүлээлгийн жагсаалтад бүртгүүлэх.
Эдгээр алхмыг гүйцэтгэснээр та Apple-ийн хиймэл оюун ухааны шинэ туршилтад нэгдэх боломжтой болно.