Apple компани энэ зуны эхээр хэд хэдэн бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн ч тэдгээрийн дунд iPhone багтаагүй үлдсэн билээ. Гэвч тус компани удахгүй танилцуулах шинэ цувралынхаа үнийг мөн өсгөхөөр бэлтгэж байж болзошгүй талаар мэдээлэл гарч эхэллээ.

Үнэ хэрхэн өөрчлөгдөх вэ?

Блүүмбергийн технологийн шинжээч Марк Гурманы мэдээлснээр, Apple компани одоогоор iPhone-ий үнийг нэмэхээр бэлтгэж байгаа бөгөөд үнийг хэдээр өсгөхийг эцэслэн шийдээгүй байгаа аж. Шинжээчийн таамаглаж буйгаар iPhone-ий үнэ 100 ам.доллар буюу түүнээс дээш хэмжээгээр өсөж магадгүй байна.

Үнийн өсөлт гарах болсон гол шалтгаан нь санах ойн чипний дэлхийн хэмжээний хомсдолоос үүдэлтэй үйлдвэрлэлийн зардал нэмэгдсэнтэй холбоотой гэж үзэж байна. Тус компани өмнө нь iPad Air загварын үнийг 150 ам.доллароор, MacBook Air-ийг 200 ам.доллароор, харин Mac Studio-г 500 ам.доллароор тус тус өсгөөд байсан юм.

Өрсөлдөөн ба түрээсийн шийдэл

Сүүлийн үед өрсөлдөгч компаниуд болох Samsung болон Google өөрсдийн Galaxy болон Pixel ухаалаг утаснуудынхаа үнийг ойролцоогоор 100 ам.доллароор өсгөсөн. Хэрэв Apple энэхүү түвшинг баримталбал суурь загварын iPhone 18 Pro утас нээлтээ хийхдээ ойролцоогоор 1,199 ам.долларын үнэтэй худалдаанд гарч болзошгүй юм.

Түүнчлэн хэрэглэгчид үнийн өсөлтөөс шалтгаалан бэлнээр худалдан авахад хүндрэлтэй болвол Apple Upgrade хөтөлбөрийг сонгох боломжтой гэж Гурман онцолжээ. Энэхүү түрээсийн хөтөлбөрөөр хэрэглэгчид сар бүр тогтмол төлбөр төлж, шинэ загвар гарах үед төхөөрөмжөө шинэчлэн солих боломж бүрддэг байна. Тус компанийн 9 дүгээр сард болох жил тутмын арга хэмжээний үеэр шинэ iPhone болон нугардаг iPhone Ultra загварын талаарх албан ёсны дэлгэрэнгүй мэдээлэл тодорхой болох хүлээлттэй байна.