Arbitrum-ийн грантын зарцуулалтад хяналт тавьдаг Хяналтын хороо (Watchdog Committee) нь төслийн хөрөнгийг ноцтойгоор зориулалтын бусаар ашигласан байж болзошгүй хэмээн дүгнэсэн DeFi-ийн гурван төсөлд урьдчилсан байдлаар есдүгээр сарын 10 хүртэл хугацаа өглөө. Хорооны мэдэгдсэнээр, хэрэв тухайн төслүүдийн өгсөн тайлбар нь хангалтгүй байж, холбогдох хөрөнгийг заасан долоо хоногийн хугацаанд буцаан олгохгүй бол цаашид Arbitrum DAO-ийн хөтөлбөрүүдээс бүрмөсөн хасах эсэхээр тусдаа санал хураалт явуулахаар төлөвлөжээ. Одоогоор ямар нэгэн хориг батлагдаагүй байна.
Эдгээр төслүүдэд Good Entry, Limitless болон өмнө нь ApolloX нэрээрээ танигдсан APX Finance багтаж буй юм. Хяналтын хорооны тайланд дурдсан дүн нь нийт 457,553 ARB болж байгаа боловч энэ нь хулгайд алдагдсан эсвэл бүрэн буцаан төлөгдөх ёстой нэгдсэн дүн биш, харин өөр өөр зөрчлүүдийн нийлбэр үзүүлэлт ажээ. 9 дүгээр сарын 5-ны байдлаар эдгээр төслийн зүгээс санал хэлэлцүүлгийн хэсэгт ямар нэгэн хариу тайлбар ирүүлээгүй байв.
Төслүүдэд тавьсан зөрчлүүд
Хяналтын хорооны ончейн шинжилгээгээр Good Entry төсөл нь Богино хугацааны урамшууллын хөтөлбөрийн (STIP) явцад болон дараа нь шаардлага хангаагүй 1,032 хэрэглэгчид 142,839 ARB хуваарилсан, багийн хаягуудтай холбоотой түрийвчээр "self-farming" хийсэн байж болзошгүй гэж үзсэн байна. Good Entry нь анх 200,000 ARB-ийн грант хүсэж байжээ.
Харин Limitless төслийн хувьд хүсэлт гаргасан 75,000 ARB-ээ бүгдийг нь USDC болгон хөрвүүлж, Base сүлжээ рүү шилжүүлсэн хэмээн буруутгагдсан ба багийн гишүүдтэй холбогдож тайлбар авах боломжгүй байжээ. APX Finance-ийн хувьд 239,714 ARB-тэй холбоотой асуудал хөндөгдсөн бөгөөд үүнд сангийн хаягт ашиглагдаагүй үлдсэн үлэмж хэмжээний хөрөнгө, гэрээний хоцорсон шилжүүлэг болон багтай холбоотой байж болзошгүй Sybil үйлдэл багтсан байна.
Санал хураалтын үр дагавар
Хэрэв нөхцөл байдал шийдэгдэхгүй бол төсөл тус бүрээр Snapshot платформоор дамжуулан санал хураах юм. Энэхүү хориг нь төслийн ухаалаг гэрээ эсвэл крипто түрийвчийг царцаахгүй бөгөөд зөвхөн Arbitrum DAO-ийн ирээдүйн хөтөлбөрүүдэд оролцох эрхийг хасах засаглалын түвшний арга хэмжээ болохыг тодотгожээ.
Хяналтын хороо 9 дүгээр сарын 2-ны байдлаар нийт 90 мэдээлэл хүлээн авч, 532,000 орчим ARB-ийг буцаан төвлөрүүлж, мэдээлэл өгсөн хүмүүст 268,000 орчим ARB-ийн урамшуулал олгоод байгаа аж.