Колумбын уран бүтээлч ARIA VEGA Billboard-ийн чартад анх удаагаа бичигдэхдээ шууд тэргүүн байрыг эзэллээ. Түүний дуучин Ryan Castro-той хамтран гаргасан “Chévere” хэмээх уран бүтээл есдүгээр сарын 19-ний өдрийн Billboard-ийн Latin Airplay чартын зургаадугаар байраас шууд нэгдүгээр байр луу өссөн байна.

Энэ нь ARIA VEGA-ийн хувьд уг чартыг анх удаа тэргүүлсэн явдал болсон бол Ryan Castro-ийн хувьд карьерынх нь хоёр дахь тохиолдол болж байна. Luminate байгууллагын мэдээлснээр, уг уран бүтээл есдүгээр сарын 4-нөөс 10-ны хооронд АНУ-ын зах зээл дэх үзэгчийн хүртээмж (audience impressions) нь 23 хувиар өсөж, 6.6 сая үзэгчийн хүртээмжид хүрснээр ийнхүү тэргүүлжээ. “Chévere” дуу нь тус чартыг хоёр долоо хоногийн турш тэргүүлээд байсан Jay Wheeler-ийн “De Lejitos” уран бүтээлийг байрнаас нь буулгасан байна.

Уг бүтээл мөн Billboard-ийн Latin Rhythm Airplay чартыг тэргүүлсэн бөгөөд Hot Latin Songs чартын 21, Hot Latin Rhythm Songs чартын 12 дугаар байрт хүрчээ.

ARIA VEGA уг мэдээг Мадридын загварын долоо хоногт оролцож байх үедээ сонссон бөгөөд тун удахгүй Колумбын Макондод болох дуучин Шакирагийн тоглолтын нээлтэд оролцох гэж буйгаа Billboard-д ярьсан байна. Харин Ryan Castro Вашингтон хотоос сэтгэгдлээ хуваалцахдаа өөрийн бүтээл Latin Airplay жагсаалтыг тэргүүлсэнд маш их баяртай байгаагаа илэрхийлжээ.