Дэлхийд алдартай Пуэрто Рикогийн реппер Bad Bunny өөрийн "Debí Tirar Más Fotos" дэлхийн аялан тоглолтоо 7-р сарын 22-ны өдөр Брюссель хотод өндөрлүүлсэн билээ. Тэрээр энэхүү тоглолтынхоо хүрээнд Billboard-ын сарын “Top Tours” жагсаалтыг дахин тэргүүлж, 2019 онд тус жагсаалт эхэлснээс хойш нийт 10 дахь удаагаа нэгдүгээр байрт бичигдлээ.
Billboard Boxscore-ын мэдээлснээр, Bad Bunny 6-р сард 14 удаагийн тоглолтоор 123.1 сая ам.долларын орлого олж, 773,000 тасалбар борлуулсан байна. Ингэснээр тэрээр Бейонсегийн дараа хоёр өөр сард 100 сая ам.доллараас дээш орлого олсон хоёр дахь уран бүтээлч болжээ. Хэдийгээр энэ удаагийн орлого нь түүний 2022 оны 9-р сарын амжилтаас бага зэрэг дутсан ч, сарын үзэгчдийн тоогоор өөрийн дээд амжилтыг 55 хувиар ахиулсан байна.
Энэ удаагийн аялан тоглолт нь АНУ-ыг оролцуулаагүйгээр олон улсад зохион байгуулагдсанаараа онцлог юм. Тэрээр Мадрид, Дюссельдорф, Арнем болон Лондон хотуудад тоглосон бөгөөд тасалбарын үнэ харьцангуй хямд ч цэнгэлдэх хүрээлэнгүүдийн багтаамж их байсан нь үзэгчдийн тоог өсөхөд нөлөөлжээ. Bad Bunny-гийн нийт карьерын орлого 1 тэрбум ам.доллар давсан нь латин гаралтай уран бүтээлчдийн дунд анхны тохиолдол болж байна.
Түүнчлэн, Мадрид хотын "Riyadh Air Metropolitano" цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан тоглолтууд нь тус сарын шилдэг үзүүлэлтээр жагсаалтыг тэргүүлсэн бол, BTS хамтлагийн тус цэнгэлдэхэд хийсэн хоёр удаагийн тоглолт 25.1 сая ам.долларын орлогоор хоёрдугаар байрт бичигдлээ.