Бие даасан уран бүтээлчдийг санхүүжүүлэгч BeatBread платформ ирээдүйн чиг хандлага, стратегиа тодорхойлохын тулд Meta, Suno зэрэг компаниуд болон хөгжмийн салбарын бусад мэргэжилтнүүдийг зөвлөх зөвлөлдөө нэгтгэснээ Пүрэв гарагт зарлалаа.

Тус зөвлөх зөвлөлд Meta компанийн хөгжмийн бизнесийн хөгжил хариуцсан захирал Скотт Селлвүүд, Suno-гийн худалдаа хариуцсан захирал Жереми Сирота, Kobalt Capital-ийн гүйцэтгэх захирал бөгөөд хамтран үүсгэн байгуулагч Йохан Алстром, Warner Music Group-ийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны удирдагч асан, PopHatch-ийн гүйцэтгэх захирал Оана Руксандра болон Spotify-ийн хөгжмийн нийтлэл хариуцсан дэлхийн захирал асан Адам Парнесс нар багтаж байна.

Шинэ стратеги ба сорилтууд

BeatBread компанийн үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Питер Синклэйр 2025 онд таалал төгссөнөөс хойш тус компани сорилттой жилийг туулж байгаа юм. Есдүгээр сард тус компанийн шинэ гүйцэтгэх захирлаар томилогдсон TuneCore-ийн гүйцэтгэх захирал асан Андреа Глисон-ы мэдээлснээр, зөвлөхүүд урьдчилгаа олгох өрсөлдөөн ширүүсэж буй энэ үед шинэ, илүү уян хатан урьдчилгаа болон зээлийн бүтээгдэхүүн, урт хугацааны стратеги, зах зээлийн байр суурийг тодорхойлоход туршлагаа хуваалцах ажээ.

Андреа Глисон хэлэхдээ, бие даасан уран бүтээлчид, дуу зохиогчид болон хөгжмийн компаниуд улам боловсронгуй бизнесүүдийг бий болгож байгаа ч тэдэнд олгогдож буй санхүүгийн хэрэгслүүд тэр хэмжээгээр гүйцэж хөгжихгүй байсныг онцолсон байна.

Санхүүжилт ба технологи

Уран бүтээлийнхээ эрхийг өөртөө үлдээхийг хүсдэг бие даасан уран бүтээлчид, лейблүүд болон дуу зохиогчдод хөрөнгө олгох зорилгоор 2020 онд байгуулагдсан BeatBread нь бүтээгчидтэй хийсэн 2000 орчим гүйлгээгээр 100 сая орчим долларын урьдчилгаа олгосон гэж мэдэгджээ.

Өнгөрсөн жил тус компани Citi болон хуучны хөрөнгө оруулагч Deciens Capital зэргээс хиймэл оюунд суурилсан андеррайтингийн технологи болох chordCashAI системийг олон улсад өргөжүүлэх зорилгоор 124 сая долларын зээл болон өөрийн хөрөнгийн санхүүжилт татсан юм. Мөн өнгөрсөн гуравдугаар сард Spotify-ийн инженер асан, Fritz AI-ийн хамтран үүсгэн байгуулагч Жэймсон Түүлийг хиймэл оюун болон машин сургалтын зөвлөхөөр авч байжээ.