Америкийн дуучин, жүжигчин, продюсер Бийонсе Ноулз-Картер (бүх нийтэд Бийонсе гэдгээрээ танигдсан) 2016 онд гаргасан “Lemonade” цомог нь түүний хамгийн амжилттай бөгөөд шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан бүтээлүүдийн нэг билээ.

Тэгвэл тус цомог гарсны 10 жилийн ойг тохиолдуулан “Rockabye Baby” хэмээх хүүхдэд зориулсан хөгжмийн цуглуулга бүтээгч компани Бийонсегийн “Lemonade” цомгийг бүүвэйн дууны хэлбэрээр дахин амилуулахаар болжээ. “Rockabye Baby” нь өмнө нь олон алдартай дуунуудыг бүүвэйн дууны хэлбэрээр гаргаж байсан бөгөөд энэ удаагийн Бийонсегийн цомог нь ч мөн адил хүүхдүүдийг тайвшруулах, унтуулах зорилготой байх болно.

Энэхүү шинэ хувилбар нь Бийонсегийн фэнүүд болон залуу эцэг эхчүүдэд зориулсан сонирхолтой бэлэг болох нь дамжиггүй. “Lemonade”-ийн бүүвэйн дууны хувилбар хэзээ гарах талаар тодорхой мэдээлэл гараагүй байгаа ч удахгүй худалдаанд гарах төлөвтэй байна.