Өмнөд Солонгосын домогт BIGBANG хамтлаг уран бүтээл туурвиж эхэлснийхээ 20 жилийн ойг тохиолдуулан "XX : COSMOS" нэртэй 2026-2027 оны дэлхийн аялан тоглолтоо эхлүүлж, АНУ-ын Нью-Жерси дэх алдарт MetLife Stadium-д тоглолоо. Энэ нь тэдний хувьд 2015 оны аравдугаар сард Ньюаркийн Prudential Center-т хийсэн тоглолтоос хойш тус бүс нутагт хийж буй анхны тоглолт бөгөөд аялан тоглолтын хүрээнд АНУ-ын зүүн эрэгт ганцхан удаа товлогдсон арга хэмжээ байв.

Хамтлагийн гишүүд болох G-Dragon, Taeyang, Daesung нар 2017 оноос хойш анх удаа дэлхийг хамтдаа тойрон аялж байгаа бөгөөд анх удаа гурван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр тайзнаа гарч байна. Тэд нийт гурван цаг орчим үргэлжилсэн тоглолтынхоо үеэр 30 дуу эгшиглүүлжээ. Хөтөлбөрт тэдний нэрийн хуудас болсон "Fantastic Baby", "Loser", "Bang Bang Bang", "Haru Haru", "Lies" зэрэг хит дуунуудаас гадна гишүүн бүрийн хип-хоп, R&B, баллад болон солонгосын уламжлалт трот урсгалыг харуулсан соло үзүүлбэрүүд багтсан байна. Түүнчлэн хамтлагийн үүсгэн байгуулагдсан өдөр болох 8 дугаар сарын 19-нд албан ёсоор цацагдсан, сүүлийн дөрвөн жилд гаргаагүй шинэ уран бүтээл болох "BiiiG" дуугаа амьдаар дуулжээ.

YG Entertainment-ийн мэдээлснээр уг тоглолтын тайз засалтыг 23 тонн жинтэй хөдөлгөөнт LED дэлгэцээр тоноглосон бөгөөд тайзны дизайныг Tony болон Olivier шагналт Es Devlin, ерөнхий найруулгыг 2025 оны Super Bowl Halftime Show-ны бүтээлч захирал Mike Carson нар хариуцжээ. Мөн Usher, Rihanna, Janelle Monáe, Sabrina Carpenter нартай ажиллаж байсан туршлагатай Wow Jones-оор удирдуулсан амьд хөгжмийн хамтлаг тоглосон байна.

BIGBANG хамтлагийн "XX : COSMOS" аялан тоглолт цааш үргэлжлэн 9 дүгээр сарын 19-нд Парисын Stade de France, 9 дүгээр сарын 26-нд Лондоны Tottenham Hotspur Stadium цэнгэлдэхэд тоглогдох бөгөөд улмаар Ази, Далайн орнуудаар дамжин 2027 оны хоёрдугаар сар хүртэл нийт 19 хотод 36 удаа зохион байгуулагдах хуваарьтай байна.