Мягмар гарагт буюу есдүгээр сарын 15-нд эхлэх Hispanic Heritage Month болон есдүгээр сарын 16-ны Мексикийн Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан Billboard Latin болон Billboard Español хамтран бүх цаг үеийн шилдэг 50 мариачи дууны жагсаалтыг танилцууллаа.

Баруун Мексикээс, тэр дундаа Халиско мужийн Гвадалахарагаас гаралтай мариачи хөгжим нь бүс нутгийн ардын урлагаас үндэсний бэлгэ тэмдэг болон өргөжсөн түүхтэй. Энэхүү урсгал 1936 оны "Allá En El Rancho Grande" киноноос эхэлсэн Мексикийн кино урлагийн Алтан эрин үед улам олон үзэгчдэд хүрсэн юм. Уг киноны гол дууг дуулсан жүжигчин, дуучин Тито Гизар 1946 онд Billboard-ийн нүүрэнд гарч байв. Мариачи хөгжим энэ үед цэцэглэн хөгжиж, 1950-иад оны дунд үе гэхэд хэв маяг, хамрах хүрээний хувьд улам хувьсан өөрчлөгджээ.

Хорхе Негрете, Педро Инфанте, Антонио Агилар зэрэг одод мариачиг Мексикийн онцлогийг илэрхийлэх урлаг болгоход хувь нэмрээ оруулсан бол хожим Mariachi Vargas de Tecalitlán зэрэг хамтлагууд хийл, бүрээ, гитар, виуэла, босоо ятга, гитаррон хөгжмийг симфони найрал хөгжмийн хэмжээнд найруулан улам боловсронгуй болгожээ.

Энэхүү хөгжмийн нөлөө зөвхөн өнгөрсөн үед хамаарахгүй бөгөөд Висенте Фернандес, Луис Мигель, Росио Дуркаль, Хуан Габриэль, Чавела Варгас нар түүний цар хүрээг тэлсээр ирсэн байна. Өнөө үед Анхела Агилар, Алекс Фернандес, Камила Фернандес, Лупита Инфанте, Махо Агилар зэрэг шинэ үеийн уран бүтээлчид мариачид суурилсан хөгжмийг залуу сонсогчдод хүргэж байна.

Энэхүү хувьсал нь Кристиан Нодал яагаад жагсаалтад багтсаныг мөн тайлбарладаг. Нодал өөрийн хөгжмөө "мариаченьо" буюу мариачи болон нортекүно урсгалыг баянхууртай хослуулсан хэлбэр хэмээн тодорхойлсон бөгөөд уламжлалыг судлан өөрийн гэсэн дуугаралтыг бий болгохыг зорьсон тухайгаа хуваалцаж байжээ.