Billboard сэтгүүлээс долоо хоног бүрийн баасан гарагт гаргадаг шинэ хөгжмийн хөтөч (New Music Friday Guide)-өө танилцууллаа. Энэхүү хөтөч нь тухайн долоо хоногт гарсан хамгийн чухал, сонсогчдын ярианы сэдэв болж, тоглуулах жагсаалтуудыг давамгайлах уран бүтээлүүдийг онцолдог байна. Өнгөрсөн долоо хоногт Karol G, Role Model, FLO, Stray Kids нарыг онцолж байсан бол энэ удаа гурвын тоо давамгайлсан шинэ цомгууд гарчээ.
Инди-рок чиглэлээр уран бүтээл туурвидаг Фиби Брижерс (Phoebe Bridgers) зургаан жилийн дараах анхны бие даасан, өөрийн гурав дахь цомог болох “Lost Weekend”-оо гаргалаа. Тэрээр зургаадугаар сарын эхээр Нью-Йоркийн Мэдисон Сквер Гарденд утас ашиглахыг хориглосон, гэнэтийн тоглолт хийсний дараа шинэ уран бүтээл гарах нь тодорхой болсон юм. Нийт 16 дуутай тус цомгийн талаар Billboard-ын Кристин Вэртман бичихдээ, дуунууд нь уй гашуу ба баяр хөөр, бухимдал ба сэтгэл ханамжийн хооронд хэлбэлзэж, Брижерс яг л хайрлаж, бас алдаж үзсэн, одоо ч алдах зүйлтэй нэгэн шиг дуулж байна гэжээ.
Бүрэлдэхүүнд нь өөрчлөлт орж буй охидын KATSEYE хамтлаг гурав дахь EP цомог болох “WILD”-аа HYBE x Geffen Records-оор дамжуулан гаргалаа. Одоогоор тус хамтлагийн гишүүн Манон, Софиа нар сэтгэцийн эрүүл мэндийн шалтгаанаар завсарлага аваад байгаа ч тэдний эрч хүч сулраагүйг энэхүү цомог харуулж байна. Цомогт багтсан “Pinky Up”, “Hootie Frutti” зэрэг хүчтэй хэмнэлтэй дуунуудаас гадна “Animal”, “That Way” зэрэг арай намуун дуунууд багтжээ. Төслийн танилцуулгад дурдсанаар, энэхүү ажил нь өсөлт хөгжилт, өөрчлөлтөөр дүүрэн зэрлэг аяллын мэдрэмжийг илэрхийлж байгаа бөгөөд одоо дөрвүүлээ байгаа тус хамтлагийн шинэ эрч хүчтэй эриний эхлэлийг тэмдэглэж байгаа аж.
Поп дуучин Трой Сиван (Troye Sivan) зөвхөн шинэ сингл бус, мөн дөрөв дэх цомгоо гаргахаа зарлаж эргэн ирлээ. Түүний шинээр гаргасан намуун өнгө аястай “She’s the Best” дуу нь ирэх аравдугаар сарын 9-нд Interscope-оор дамжин гарах дөрөв дэх цомгийнх нь гол сингл болон цомгийн нэрээр нэрлэгджээ. Сиван хэлэхдээ, “She’s the Best бол миний амьдралын бүхий л сэтгэл хөдлөл, өнгө будгийг буулгасан зураг юм. Энэ нь сүүлийн хэдэн жилийн галзуу баяр хөөр, түүний доор нуугдаж байсан ганцаардал, хүсэл тэмүүллийг харуулсан” хэмээн хуваалцсан байна.
Нигерийн афропоп урсгалаар дуулдаг Айра Старр (Ayra Starr) өөрийн гурав дахь студийн цомог болох “STARRGIRL”-оо толилууллаа. Энэ нь түүний 2024 онд гаргасан “The Year I Turned 21” цомгоос хойших анхны бүрэн хэмжээний ажил юм. Грэммид нэр дэвшсэн, Wizkid-тэй хамтарсан “Gimme Dat” дуу багтсан 16 тректэй энэхүү цомогт бүжиг болон R&B хэмнэл илүү давамгайлжээ. Тэрээр Леон Томас, kwn, ZAYN болон “Hot Body” дууны латин ремикс дээр Дэнни Оушн нартай хамтран ажиллаж, өөрийгөө ямар ч урсгалд давамгайлж чадна гэдгээ батлан харуулж байна.