Billboard сэтгүүлийн мэдээлснээр, Грейси Абрамсын “Daughter From Hell” цомог 8-р сарын 1-ний байдлаар Billboard 200 чартыг тэргүүлж эхэллээ. Энэ нь 1956 оны 3-р сараас хойш “hell” гэх үг орсон нэртэй цомгуудаас чартын оргилд хүрсэн тав дахь тохиолдол болж байна.
Үүнтэй зэрэгцэн “heaven” буюу диваажин гэсэн утга бүхий үг орсон цомгуудын амжилтыг мөн онцолжээ. 70 гаруй жилийн түүхэнд ердөө хоёрхон цомог энэ нэрээр чартыг тэргүүлсэн байна. Үүнд 1959 онд таван долоо хоногийн турш тэргүүлсэн Жонни Матисын “Heavenly” цомог болон энэ оны 1-р сард нэг долоо хоног тэргүүлсэн Зак Брайны “With Heaven on Top” цомог багтдаг.
Сонирхолтой нь, энэ онд “heaven” болон “hell” гэсэн үгүүд орсон цомгууд нэг хуанлийн жилийн дотор Billboard 200 чартын оргилд гарсан анхны тохиолдол болж байна. Эдгээр уран бүтээлчдийн цомог бүр өөрийн гэсэн онцлогтой бөгөөд зарим нь тухайн нэртэй дууг багтаасан байдаг ч бүх цомогт ийм дуу байдаггүй аж.
Billboard сэтгүүл түүхэн дэх энэхүү өрсөлдөөнийг он цагийн дарааллаар нь гаргаж, аль үг нь чартыг илүү олон удаа тэргүүлж байсныг харуулсан байна. Тэдний ажигласнаар, эхэн үедээ “heaven” гэсэн үг орсон цомгууд давуу талтай байсан бол сүүлд “hell” гэсэн үг орсон цомгууд тоогоороо гүйцэж түрүүлжээ.