Крипто зах зээл дээр өндөр эрсдэлтэй арилжаа хийдэг гэгддэг залуу үеийнхний зан төлөв зарим талаар өөрчлөгдөж байж болзошгүйг Binance Research-ийн наймдугаар сарын 12-ны тайлан харууллаа. Тус судалгаанд биржийн шууд хувьцаа (direct equities), токенжуулсан bStocks болон TradFi perpetuals зэрэг бүтээгдэхүүнийг ашиглаж буй хэрэглэгчдийн богино хугацааны өгөгдлийг хамруулсан байна. Энд дурдсанаар, Gen Z үеийнхэн байнгын хөшүүрэгтэй арилжаа хийхээс илүүтэйгээр харьцангуй уламжлалт багц бүрдүүлж байж магадгүй дүр зураг ажиглагджээ.

Эдгээр үр дүн нь богино хугацааны өгөгдөл бөгөөд Binance-ийн шууд хувьцааны бүтээгдэхүүн нь ердөө 2026 оны зургаадугаар сард тодорхой түвшинд хүрсэн гэдгийг тайланд онцолсон байна.

ETF сангуудыг илүүд үзэх хандлага

Судалгаанаас харахад наймдугаар сарын эхний өдрүүдэд Gen Z-ийн шууд хувьцааны арилжааны 25 хувийг ETF буюу биржээр арилжаалагддаг сангууд эзэлсэн нь зургаадугаар сарын 14.6 хувиас өссөн үзүүлэлт юм. Харьцуулбал, Millennial үеийнхний хувьд наймдугаар сарын эхээр энэ үзүүлэлт 9.5 хувьтай байжээ.

Түүнчлэн долоодугаар сард Gen Z-ийн нийт хувьцааны хөрөнгө оруулалт 17.4 хувиар буурсан ч хөшүүрэггүй ETF-ийн цэвэр урсгал ердөө 2 хувиар л саарсан байна. Харин тусдаа хувьцаа руу чиглэсэн урсгал 20.4 хувиар, хөшүүрэгтэй бүтээгдэхүүн 28.5 хувиар буурчээ. Мөн долоодугаар сард бусад үеийнхний ETF эзэмшигчдийн тоо буурч байхад зөвхөн Gen Z бүлэгт 2.9 хувиар өссөн нь ажиглагдсан байна.

Хөрөнгө оруулалтын сонголт ба барих стратеги

Худалдан аваад огт зараагүй Gen Z дансуудын дунд хамгийн өндөр дүнтэй шууд хувьцааны худалдан авалт нь нэг арилжаанд дунджаар 16,567 ам.доллар хүрсэн Schwab-ийн ногдол ашгийн ETF (SCHD) байв. Түүний дараа Broadcom 12,370 ам.доллароор орсон байна. Залуус хагас дамжуулагч болон хиймэл оюун ухааны салбарыг сонирхдог хэвээр байгаа ч зах зээлд өндөр шуугиан тарьдаг Tesla (bStocks дундаж худалдан авалт $633), Nvidia ($514) зэрэгт харьцангуй бага дүн зарцуулсан байжээ.

Мөн Binance-ийн шууд хувьцааны Gen Z дансуудын 22 хувь нь огт зарах захиалга өгч байгаагүй нь харагдсан бол энэ үзүүлэлт Gen X-д 19 хувь, Boomers-т 9 хувь, Millennials-д 30 хувьтай байсан байна.