Bitcoin-ий Lightning сүлжээний аппликейшн хөгжүүлэхэд зориулагдсан Lightning Development Kit (LDK) хэрэгслийн баг 9 дүгээр сарын 9-нд v0.2.6 шинэчлэлтийг танилцууллаа. Энэхүү хувилбараар зангилааны (node) багахан хэмжээний хөрөнгийг шилжүүлэн алдагдуулах эсвэл хадгалсан сувгийн төлвийг дахин ачаалахад саад учруулж болзошгүй байсан ноцтой эмзэг байдлуудыг зассан байна.
LDK нь гар утасны түрийвч болон төлбөрийн үйлчилгээний дэд бүтцэд ашиглагддаг программ хангамжийн хөгжүүлэлтийн багц (SDK) юм. Энэхүү шинэчлэлт нь холбогдох аппликейшнуудыг хөгжүүлэгчдэд санхүүгийн эрсдэл болон зангилаа хэвийн дахин ачаалахад тулгарч болох нөхцөлийг шийдвэрлэх боломжийг олгож байна.
Санхүүгийн болон системийн алдаанууд
Төлбөрийн сувагт хөрөнгө нэмэх эсвэл хасах үйлдлийг splice гэж нэрлэдэг бөгөөд энэ нь тухайн сувгийн гүйлгээний зардлыг хуваалцах замаар хийгддэг байна. Үүнийг эхлүүлсэн зангилаа нь нийтлэг хэсгийн шимтгэлийг хариуцдаг тул шимтгэлийн тооцоолол зангилааны хөрөнгөөс хэр хэмжээний зардал гарахад шууд нөлөөлдөг. Тэгвэл илэрсэн алдаа нь хортой оролцогчид шимтгэлийн хэмжээг зориудаар өсгөж, илүү гарсан дүнг өөрийн гаралт руу шилжүүлэх боломжийг олгож байжээ. Мэдээлэлд дурдсанаар, энэ нь зангилаа үйлдэл эхлүүлэх үед бага хэмжээний санхүүгийн эрсдэл үүсгэх магадлалтай байсан аж.
Үүнээс гадна, ижил payment hash бүхий хоёр төлбөрийн гэрээтэй холбоотой өөр нэг алдаа илэрсэн байна. Нэг гүйлгээ нь амжилттай дамжсаны дараа хуурамч гүйлгээг хүлээн авч шууд цуцалсан ч ChannelManager-ийн төлөв сэргээгдэхгүй гацах нөхцөл үүсэж байжээ. Энэ нь системийг дахин ачаалах буюу хадгалсан төлвийг санах ойд буцаан унших явцыг тасалдуулдаг байна.
Хөгжүүлэгчдийн анхааралд
LDK-ийн мэдээлснээр уг алдаанаас үүдэж бодит хохирол учирсан болон халдлагад өртсөн тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байна. Тус сангийн суурь кодыг аппликейшндаа нэгтгэн ашигладаг хөгжүүлэгчдийн хувьд v0.2.6 хувилбарыг өөрсдийн системдээ суулгаж, шинэчлэх шаардлагатай байгааг анхааруулжээ.