Nasdaq-д бүртгэлтэй санхүүгийн Bitmine компани Ethereum (ETH) худалдан авсаар байгаа ч стейкинг буюу сүлжээний баталгаажуулалтын өгөөж нь тус зорилтод хүрэхэд нэмэлт худалдан авалт хийх шаардлагагүй болгож магадгүй байна.
Тус компани 8 дугаар сарын 30-наар дуусгавар болсон долоо хоногт 53,501 ETH худалдан авч, нийт эзэмшлээ 5.9 сая токенд хүргэснээ мэдээлсэн юм. Үүнээс 5.06 сая гаруй ETH-ийг жилийн 2.67 хувийн өгөөжтэйгөөр стейкингэд байршуулаад байна. Мөн блокчэйн шинжилгээний Lookonchain платформын мэдээлснээр, 9 дүгээр сарын 1-нд тус компанитай холбоотой түрийвчүүдээр FalconX болон BitGo-оос 126 сая орчим ам.долларын үнэ бүхий 51,000 ETH нэмж авсан байж болзошгүй байгаа ч Bitmine үүнийг албан ёсоор батлаагүй байна.
Стейкингийн өгөөж зорилтод хүргэх үү?
Bitmine компани зах зээлд эргэлдэж буй 120.7 сая ETH-ийн жишиг дээр үндэслэн нийт нийлүүлэлтийн 5 хувийг буюу 6.035 сая токеныг эзэмших зорилго тавьжээ. Хэрэв 8 дугаар сарын 30-ны байдлаарх стейкинг хийсэн 5,067,309 ETH болон өгөөжийн түвшин тогтмол хадгалагдвал жилд ойролцоогоор 135,000 ETH-ийн өгөөж олох боломжтой аж. Албан ёсоор мэдээлсэн 5.9 сая ETH-ийн эзэмшлээс тооцвол тэдэнд 5 хувьд хүрэхэд 134,000 ETH дутаж байгаа бөгөөд энэ нь нэг жилийн стейкингийн өгөөжтэй бараг тэнцэж байна.
Хэрэв 9 дүгээр сарын 1-ний 51,000 ETH-ийн худалдан авалт батлагдвал нийт эзэмшил 5.95 сая болж, дутуу дүн 83,000 токен болж буурах юм. Ингэснээр нэг жилийн стейкингийн өгөөжийн 61 орчим хувийг хадгалахад л уг зорилтыг биелүүлэх боломжтой болно.
Сүлжээний нийлүүлэлтийн нөлөө
Гэвч Ethereum сүлжээний нийт нийлүүлэлт өсөх нь энэ зорилтод хүндрэл учруулж болзошгүй. 9 дүгээр сарын 5-ны байдлаар нийт нийлүүлэлт ойролцоогоор 122.02 сая ETH болсон тул 5 хувийн босго өндөрсөж байна. Тухайлбал, сүлжээний нийлүүлэлт жилд 0.5 хувиар өсвөл Bitmine хоёр жилийн дотор зорилтод хүрэхийн тулд стейкингийн өгөөжийнхөө 96.5 хувийг хадгалах шаардлагатай болно. Харин нийлүүлэлт 1 хувиар өсөх тохиолдолд өгөөжөө бүрэн хадгалсан ч нэмэлт худалдан авалт хийхгүйгээр 5 хувьд хүрэх боломжгүй болох тооцоо гарчээ.