Америкийн хип-хоп урсгалаар уран бүтээлээ туурвидаг Black Eyed Peas хамтлагийн 2005 онд гаргасан "My Humps" дуу YouTube-ийн "Billion Views Club"-д албан ёсоор нэгдлээ. Энэхүү дуу нь тус платформоор дамжуулан нэг тэрбум гаруй удаа тоглогдсон байна.
"My Humps" нь хамтлагийн дөрөв дэх студийн цомог болох "Monkey Business"-д багтсан бүтээл юм. Энэ нь "Where Is the Love?" болон J Balvin-тай хамтарсан "RITMO" дуунуудын дараа тус хамтлагийн нэг тэрбум хандалтад хүрсэн гурав дахь видео клип болж байна. Уг дууг хамтлагийн гишүүн will.i.am бичсэн бөгөөд 1983 оны "I Need a Freak" дуунаас хэсэгчлэн ашиглажээ. Анх энэ дууг Pussycat Dolls хамтлагт зориулан бүтээхээр төлөвлөж байсан ч эцэст нь Fergie болон will.i.am нарын гоцлол дуулснаар Black Eyed Peas-ийн нэрийн хуудас болсон юм.
Тухайн үедээ Billboard Hot 100 чартын эхний гуравт багтаж, шилдэг поп үзүүлбэрт олгох Грэммийн шагнал хүртэж байсан ч энэ дуу нь маш их маргаан дагуулж байв. "My lovely lady lumps" гэх давтагдах мөрүүд нь олон нийтийн дунд эсрэг тэсрэг хүлээж авалтыг төрүүлж, зарим шүүмжлэгчид уг дууг маш муу бүтээл хэмээн тодорхойлж байсан удаатай. Гэсэн хэдий ч Fatima Robinson, Malik Hassan Sayeed нарын найруулсан клип нь 2006 оны MTV Video Music Awards-аас шилдэг хип-хоп видео төрөлд шагнал хүртэж байсан түүхтэй.
Энэ оны тавдугаар сард Black Eyed Peas хамтлаг 2018 онд Fergie-г хамтлагаас гарснаас хойш анх удаа олон нийтийн өмнө хамтдаа тайзан дээр гарч, "Rock That Body" дуугаараа шагнал хүлээн авсан билээ.