Дэлхийд алдартай K-pop од, BLACKPINK хамтлагийн гишүүн Лисагийн бие даасан уран бүтээлийн гараа болон түүний амьдралын эгзэгтэй цаг үеийг харуулсан «Always Lalisa» баримтат кино удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Sony Music Vision компаниас мэдээлснээр, тус бүтээл нь 2026 оны 9-р сарын 10-20-ны хооронд болох Торонтогийн олон улсын кино наадмын гала хөтөлбөрийн хүрээнд нээлтээ хийхээр товлогджээ.

Киноны үйл явдал Лисагийн хувьд эргэлтийн цэг болсон нэг жилийн хугацааг харуулна. Тэрээр бага наснаасаа хойш анх удаа BLACKPINK хамтлагаас хөндийрч, бие даасан уран бүтээлч болох замд гарсан юм. Энэхүү баримтат кинонд түүний хамтлагтаа эргэн нэгдэхээсээ өмнөх бие даасан карьераа эхлүүлэх, жүжиглэх урлагт хүч үзэх, өөрийн брэндийг бүтээх үеийн айдас, дарамт шахалт болон олны анхаарлын төвөөс ангид хувийн амьдралаа хадгалахыг хичээж буй түүний дотоод ертөнцийг өгүүлнэ.

Лиса өнгөрсөн нэг жилийн хугацаанд олон талт үйл ажиллагаа явуулж ирсэн. Тэрээр 2026 оны FIFA-гийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаанд оролцож, 2025 оны Coachella хөгжмийн наадамд бие даасан тоглолтоо хийсэн билээ. Түүнчлэн Vanity Fair сэтгүүлийн зуны дугаарын нүүрийг чимж, Met Gala-гийн зохион байгуулах хороонд багтсан анхны K-pop уран бүтээлч болсон юм. Мөн тэрээр HBO-гийн «The White Lotus» цувралд дүр бүтээж, жүжигчний гараагаа эхлүүлээд байна.

Одоогоор киноны албан ёсны нээлтийн тов болон кино театруудаар гарах эсэх талаар нэмэлт мэдээлэл гараагүй байна. «Always Lalisa» баримтат киног найруулагч Сү Ким найруулж, Sony Music Vision, RCA Records, Tremolo Productions, Salt Water Productions болон LLOUD CO хамтран бүтээжээ.