BLACKPINK хамтлагийн LISA өөрийн бие даасан шинэ "Press Play" EP цомгоороо Billboard-ийн энэ долоо хоногийн шинэ хөгжмийн санал асуулгыг тэргүүлсэн байна.
Billboard дээр аравдугаар сарын 23-ны Баасан гарагт нийтлэгдсэн уг санал асуулгад уншигчид оролцож, өөрсдийн дуртай шинэ бүтээлээр LISA-гийн EP цомгийг сонгожээ. Нийт зургаан дуутай уг бие даасан цомог нь санал асуулгад оролцогчдын 87 хувийн саналыг авч, Хилари Дафф, Жон Майер, ATEEZ, Майли Сайрус нарын шинэ уран бүтээлүүдийг ардаа орхисон байна.
"Press Play" цомог нь өнгөрсөн сард гарсан "SaWaDiKa" синглийн дараа буюу аравдугаар сарын 23-ны Баасан гарагт "Tarantino" дууны клипийн хамт цацагджээ. Тайланд уран бүтээлч LISA нь цомгийнхоо бүх зургаан дуунд songwriting credit-тэй (дуу бүтээгчээр бүртгэгдсэн) аж.
Цомгийн нэр нь түүний "Tarantino" дуун дахь мөрөөс үүдэлтэй юм. Үүнээс гадна уран бүтээлч ирэх арваннэгдүгээр сарын 12-14 болон 27-29-ний өдрүүдэд Лас-Вегаст мини тоглолтоо толилуулахаар төлөвлөөд байна.
Энэ удаагийн Billboard-ийн санал асуулгад "Press Play"-ийн араас Хилари Даффийн "Holiday Things", Жон Майерийн "Tom and Jerry", ATEEZ-ийн "Drop" болон Майли Сайрусын "Cold Blooded" бүтээлүүд бичигджээ.