BLACKPINK хамтлагийн од Жисү Лондонгийн алдарт “self-portrait” загварын ордонтой хамтарсан шинэ богино хэмжээний кино төслийнхөө эхний ангийг арваннэгдүгээр сарын 10-нд олон нийтэд хүргэлээ. Энэхүү “Portraits of a Woman in Motion” нэртэй төсөл нь нийт дөрвөн богино ангиас бүрдэх бөгөөд эхний анги болох “the restaurant”-ийн найруулагчаар Оливер Хэдли Пирч ажиллаж, зураг авалтыг Сөүл хотод хийжээ.

Энэхүү цуврал нь өмнө нь гарсан “Portraits of a Screen Star” бүтээлийн үргэлжлэл юм. Шинэ цувралд түүний эргэн тойрон дахь орчин тасралтгүй хувьсан өөрчлөгдөж, гэрэл анивчин, цаг хугацаа хурдсах боловч Жисү өөрөө тун тайван, эрхэмсэг хэвээр үлдэж буйг харуулжээ. Жисү уг төслийн талаар хуваалцахдаа, “Орчин үед амьдрал маш хурдан өнгөрч байгаа мэт санагддаг. Миний хувьд өөр өөр хотууд, тайз, студиудийн хооронд байнга шилжин ажилладаг. Дэлхий ертөнц хэчнээн хурдан хувьсан өөрчлөгдөж байсан ч өөрийнхөөрөө байх нь хүч чадал болдог гэдгийг бид энэ төслөөр харуулахыг зорьсон” гэжээ.

Брэндийг үүсгэн байгуулагч бөгөөд бүтээлч захирал Хан Чон түүнийг ямар ч нөхцөл байдалд өөрийнхөөрөө байж чаддаг, гайхалтай тайван зан чанартайг онцолсон байна. Тэд анх 2024 оны гуравдугаар сард гэрээ байгуулснаар уг загварын ордон түүхэндээ анх удаа хөгжимчинтэй нүүр царайгаар хамтран ажиллаж эхэлсэн түүхтэй.

Жисүгийн бие даасан уран бүтээлийн замнал тун амжилттай үргэлжилж байна. Түүний 2023 онд гаргасан анхны “ME” цомог нь Өмнөд Солонгосын эмэгтэй гоцлол дуучдаас анх удаа нэг сая хувь борлуулагдсан бүтээл болсон бөгөөд “FLOWER” дуу нь Billboard Global 200 жагсаалтын 2-р байр, Global Excl. US чартын 1-р байранд хүрч байв. Тэрээр 2025 онд “AMORTAGE” нэртэй мини цомгоо гаргасан бөгөөд саяхан WME агентлагтай гэрээ байгуулж, “The Angry Birds Movie 3” хүүхэлдэйн киноны дууг дуулахаар болсон байна. Түүнчлэн түүний дараагийн цомог тун удахгүй сонсогчдын хүртээл болох гэж байна.

“Portraits of a Woman in Motion” цувралын дараагийн анги арваннэгдүгээр сарын 12-нд цацагдах хуваарьтай байна.