Блокчэйн технологийн Blockstream компани Liquid сүлжээний халдлага үйлдэгчид бараг 600 Биткойн буюу ойролцоогоор 50 сая ам.долларын урамшуулал (bounty) олгохоос татгалзаад байна. Энэхүү шийдвэр нь крипто салбарт хулгайлагдсан хөрөнгийг хэсэгчлэн буцаан өгсөн тохиолдолд хакерт шан харамж олгох нь зөв эсэх талаар томоохон маргаан дэгдээлээ.

3,400 Биткойныг буцаан шилжүүлсэн нь

Есдүгээр сарын 6-нд Liquid сүлжээний эмзэг байдлыг ашиглан халдагч 4,000 орчим баталгаагүй L-BTC үүсгэж, SideSwap-ээр дамжуулан 3,996 бодит Биткойн гарган авчээ. Үүний дараа Blockstream алдааг засварласан бөгөөд халдагч нийт 3,400 BTC-г буцаан шилжүүлсэн байна. Гэвч хакер үлдсэн хөрөнгөөс гадна 10 хувийн урамшууллыг Blockstream-ийн өөрийн хөрөнгөөс төлөхийг шаардаж, эс бөгөөс хэрэглэгчид 15 орчим хувийн хохирол амсаж болзошгүйг анхааруулжээ.

Харин есдүгээр сарын 11-нд Blockstream уг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэрэв үлдсэн хөрөнгийг сайн дураараа бүрэн буцаахгүй бол хууль сахиулах байгууллага, биржүүд болон шинжээчдийн тусламжтайгаар араас нь хөөнө гэдгээ мэдэгдэв.

Салбарынхны байр суурь ба маргаан

USDT0 төслийн үүсгэн байгуулагчдын нэг Лоренцо Романьоли Blockstream-ийг халдлагад өртсөн нийт төслүүдээс хамгийн их азтай 1 хувийн 1 хувьд багтана гэж тодорхойлжээ. Түүний үзэж буйгаар, Хойд Солонгостой холбоотой эсвэл тууштай гэмт бүлэглэлүүд олон зуун сая долларыг сайн дураараа буцаан илгээх сонирхол тун бага байдаг тул хулгайлсан хөрөнгийнхөө 85 орчим хувийг буцаасан хакерт шан харамж өгөхгүй байх нь дараа дараагийн “саарал малгайт” хакеруудад хамтран ажиллах ямар ч сэдэл төрүүлэхгүй байх эрсдэлтэй гэж болгоомжилсон байна.

Нөгөө талд Blockstream нээлттэй эхийн дэд бүтцийг ашиглан хэрэглэгчийн хөрөнгийг барьцаалж үнэ тохиролцдог жишиг тогтоохгүй гэдгээ мэдэгдлээ. Мөн Blockstream-ийн Стратеги хариуцсан захирал асан, Jan3 компанийн гүйцэтгэх захирал Самсон Моу уг халдлага үйлдэгчийн шаардлагыг няцааж, сүлжээний нийт хөрөнгийн үнэлгээнд тулгуурлан урамшууллын хэмжээг тооцоолох нь буруу гэдгийг онцолсон байна.