Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлагийн гишүүн J-Hope болон RM нар 8-р сарын 12-ны лхагва гарагт Торонто хотын «Rogers Stadium»-д болсон Крис Браун, Ашер нарын «R&B Tour: Raymond & Brown» аялан тоглолтыг үзэж сонирхжээ.

Тэд тоглолтын үеэр Ашерын алдарт «Yeah» болон Крис Брауны «Look At Me Now» зэрэг дуун дээр бүжиглэж буй харагдсан бөгөөд J-Hope хоёулаа уруул нийлүүлэн дуулж буй сториг Инстаграмдаа нийтэлсэн байна. Мөн тэд тайзны ард Крис Браун, Ашер нартай уулзсан бөгөөд дуучид BTS-ийн гишүүдтэй хамт авахуулсан зургаа өөрсдийн Инстаграм хуудсандаа нийтэлжээ.

Гэвч энэхүү үйл явдал BTS-ийн шүтэн бишрэгчдийн дунд маргаан, шүүмжлэл дагууллаа. Учир нь Крис Браун 2008 онд дуучин Рианнад халдсан хэргээр баривчлагдаж байсан зэрэг хууль эрх зүйн олон асуудалд холбогдож байсантай холбоотой юм. Цахим сүлжээнд нэгэн хэрэглэгчийн “Сэтгэл дундуур байна” гэсэн сэтгэгдэл 7,000 гаруй лайк авсан бол өөр нэг хэрэглэгч J-Hope, RM хоёрыг тус тоглолтод очсонд итгэж чадахгүй байгаагаа илэрхийлсэн нь 3,000 гаруй лайк цуглуулжээ.

Крис Браун саяхан 5-р сард Лондон хотод 2023 оны лонх шидсэн хэрэгтэй холбогдон баривчлагдаж, 7-р сард олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан хөнгөн ялыг хүлээсэн юм. Түүнчлэн нохойд нь бариулж гэмтсэн гэрийн үйлчлэгч асан Мария Авилад олгохоор заасан 13 сая ам.долларын нөхөн төлбөрт энэхүү аялан тоглолтын орлогыг зарцуулахыг зогсоохыг тэрээр оролдсон байна. Баасан гарагт Браун 2008 оны гэмт хэрэг нь 13 сая долларын “хэт өндөр” шийдвэрт үндэслэлгүйгээр нөлөөлсөн хэмээн үзэж, хэргийг дахин шүүх мэдэгдэл гаргажээ.

Дашрамд дурдахад, BTS хамтлаг бараг арван жилийн дараа Канадын тайзнаа эргэн ирэхээр зэхэж байгаа бөгөөд 8-р сарын 22-23-ны өдрүүдэд «Rogers Stadium»-д хоёр өдөр тоглолтоо хийнэ.