ByteDance компанийн эзэмшдэг видео засварлах CapCut апп ChatGPT-д зориулсан шинэ плагин гаргахаар болсноо 10 дугаар сарын 24-нд Лос-Анжелес хотод зохион байгуулагдсан "CapCut World" арга хэмжээний үеэр зарлалаа. Энэхүү плагин нь одоогоор хараахан гараагүй бөгөөд ирэх саруудад хэрэглээнд нэвтрэх төлөвтэй байна.
Чатаар бичлэгээ засварлах боломж
CapCut-ийн мэдээлснээр бүтээгчид ChatGPT дотор бичлэгийнхээ санааг гаргаж, CapCut-ээр анхны ерөнхий эвлүүлгийг хийлгэх боломжтой болох аж. Үүний дараа чатаар харилцан бичсээр засвараа улам нарийвчлах юм. Тухайлбал, тухайн кадрыг илүү урт байлгах, хадмал текстийг уншихад илүү ойлгомжтой болгох эсвэл дуу хоолойны цаана хөгжмийг аяархан тоглуулах зэрэг хүсэлтийг өгч болно.
Мөн хэрэглэгчид зөвхөн чат бичихээр хязгаарлагдахгүй, өөрсдөө гар аргаар өөрчлөлт хийх боломжтой бөгөөд ChatGPT нь цаашдын харилцан яриандаа тэдгээр засваруудыг тооцож ажиллах юм байна.
Тус компани X хуудсандаа уг плагины демо бичлэгийг хуваалцсан бөгөөд бичлэгт нэгэн хэрэглэгч спортын тоглолтын бичлэгүүдийг оруулаад ChatGPT-ээс 12 секундийн онцлох бичлэг болгож өгөхийг хүсжээ. Плагин уг бичлэгийг бэлтгэсний дараа хэрэглэгч дэлгэц дээр бичвэр нэмүүлэх зэргээр үргэлжлүүлэн сайжруулж байгааг харуулсан байна.
Хиймэл оюун ухааны бусад шинэчлэлүүд
CapCut-ийн дэлхийн удирдагч Сяочи Фү (Xiaoqi Fu) хэлэхдээ, шинэ хэрэгслүүд нь бүтээгчийн өөрийн төсөөлөл, шийдвэрийг үйл явцын төвд байлгах зорилготойг онцолжээ.
Энэхүү плагинаас гадна CapCut арга хэмжээний үеэр вэб болон гар утасны апп-д зориулсан генератив хиймэл оюуны шинэ боломжууд, мөн ирэх саруудад туршигдах хиймэл оюуны агентыг танилцуулсан байна. Түүнчлэн тус компани AI-аар үүсгэсэн контентод шошго нааж, усны тэмдэг болон C2PA Content Credentials стандартыг ашигладаг болохоо дурдлаа. Түүнчлэн аливаа файлыг оруулж, тухайн контент нь CapCut эсвэл түүний охин аппууд болох Dreamina, Pippit, Hypi-ийн AI хэрэгслээр хийгдсэн эсэхийг шалгах боломжтой хэрэгслийг туршиж байгаа ажээ.