Алдарт рэппер Cardi B The New York Times сонины T сэтгүүлийн онцлох уран бүтээлчдэд зориулсан видео буланд оролцох үеэрээ өөрийн хувьд бүх цаг үеийн хамгийн шилдэг цомгийг нэрлэжээ. Тэрбээр R&B дуучин Keyshia Cole-ийн анхны бие даасан “The Way It Is” цомгийг хамгийн шилдэг нь хэмээн онцолсон байна.
Cardi B энэ тухайгаа хуваалцахдаа “Би 13 настай байхдаа энэ цомгийг сонсдог байсан, одоо 33 хүрсэн ч сонссоор л байна. Эмэгтэй хүн бүр энэ цомгийг заавал сонсох хэрэгтэй” гэж ярьжээ.
Keyshia Cole-ийн анхны цомог болох “The Way It Is” нь 2005 оны 7-р сард худалдаанд гарч, Billboard 200 жагсаалтын 6-р байранд бичигдэж байв. Тус цомогт Jadakiss, Eve, Chink Santana, Metro City зэрэг уран бүтээлчид хамтарсан бөгөөд нийт 64 долоо хоногийн турш чартад багтан Platinum гэрчилгээ авч байжээ. Цомгийн бүрэлдэхүүнд Ye-ийн продюсерлосон “I Changed My Mind”, Billboard Hot 100 чартын 31-р байрт хүрсэн “I Should Have Cheated” болон 19-р байрт бичигдсэн “Love” зэрэг хит дуунууд багтсан юм.
Энэхүү цомгийг зөвхөн Cardi B төдийгүй R&B дуучин Ari Lennox 2019 онд “бүх цаг үеийн хамгийн гайхалтай дебют цомгуудын нэг” хэмээн өндрөөр үнэлж байжээ.