Хоёр дахин хөшүүрэгтэй (2x) крипто сангууд өмнө нь 96% хүртэлх алдагдал хүлээж байсан ч Cboe BZX бирж Bitcoin болон Ethereum-ийн өдөр тутмын өгөөжийг 3 дахин (3x) нэмэгдүүлэн тооцох шинэ ETF сангуудыг бүртгэх хүсэлтийг АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд (SEC) гаргаад байна.

Наймдугаар сарын 10-нд танилцуулсан уг төсөлд Volatility Shares-ийн Bitcoin, Ethereum, алт, мөнгө, түүхий тос болон байгалийн хий зэрэгтэй холбоотой нийт зургаан санг багтаажээ. Эдгээр крипто бүтээгдэхүүнүүд нь зоосыг шууд хадгалахгүй, харин голчлон CME бирж дээр арилжаалагддаг фьючерс гэрээг ашиглахаар төлөвлөгдсөн байна. Харин SEC-ээс 8-р сарын 14-нд гаргасан мэдэгдэлд сангуудын бүртгэл хараахан хүчин төгөлдөр болоогүй бөгөөд арилжаалах зөвшөөрөл олгогдоогүй гэдгийг дурджээ.

Дүрэмд тусгай зохицуулалт шаардлагатай

Cboe-ийн одоогийн BZX 14.11(e)(4) стандарт нь тухайн үзүүлэлтийг хэд дахин нэмэгдүүлсэн өгөөжтэй бүтээгдэхүүнийг шууд бүртгэх боломжийг хаадаг байна. Иймээс биржийн зүгээс Section 19(b) заалтын дагуу тусгай зөвшөөрөл хүсэж уг өргөдлийг гаргажээ.

Хэрэв зөвшөөрөгдвөл уг сангуудыг Volatility Shares LLC хариуцан удирдаж, өдөр тутмын хөрөнгийн хөдөлгөөнийг зохицуулах юм. Мөн US Bancorp Fund Services болон US Bank National Association байгууллагууд санхүү, үйл ажиллагааны бүртгэл болон кастодианы үүргийг гүйцэтгэхээр төлөвлөгджээ.

Хөрөнгө оруулагчдад учирч болох эрсдэлүүд

Эдгээр сангууд нь хөшүүргийн түвшингээ өдөр бүр шинэчилж (reset) тохируулдаг. Энэ нь урт хугацааны өгөөж нь шууд Bitcoin эсвэл Ethereum-ийн 3 дахин үржүүлсэнтэй тэнцэхгүй, харин өдөр тутмын хөдөлгөөний дараалал, фьючерсийн үр дүн, шимтгэл болон тэнцвэржүүлэлтээс ихээхэн хамаарна гэсэн үг юм.

Түүнчлэн фьючерсийн гэрээг шилжүүлэх үйл явц, суурь зөрүү (futures basis), санхүүжилтийн зардал болон бүтцийн бусад хүчин зүйлс нь хөрөнгө оруулагчийн эцсийн ашиг, алдагдалд нэмэлт эрсдэл дагуулж болохыг эх сурвалжид онцолсон байна.