Мексик хөгжмийн (música Mexicana) урсгалаар уран бүтээлээ туурвидаг 19 настай дуучин Chino Pacas гурав дахь студийн цомог болох Que Sigan Llegando Las Pacas V2 бүтээлээ Street Mob Records-оор дамжуулан гаргалаа.
Гуанахуато хотод төрсөн, өмнө нь Billboard-ийн "21 Under 21" жагсаалтад багтаж байсан тэрээр энэхүү 13 дуутай шинэ цомогтоо зөвхөн уламжлалт корридо урсгалаар хязгаарлагдсангүй. Тэрээр корридо, кумбиа, хип хоп болон гиперпоп урсгалуудыг хослуулан багтаажээ. Цомогт Fuerza Regida хамтлагтай хамтарсан “Te Digo”, цомог гарахаас өмнө цацагдсан цорын ганц сингл болох FLVCKKA-тай хамтарсан “Madrugada”, мөн Calle 24-тэй хамтарсан “Bonita” зэрэг бүтээлүүд багтсан байна.
Цомгийн гол дуу нь “Envidia” бөгөөд уг дуунд зориулан кино маягийн богино хэмжээний клип бүтээжээ. Chino Pacas энэхүү бүтээлээ алдарт киноны баатар Жон Уикийн сэдэв, өмсгөл болон дүр төрхөөс санаа авч бүтээснээ дурдсан юм. Тэрээр энэ мэт шинэ хэв маяг, тухайлбал гиперпоп урсгал нь уламжлалт корридод тэр бүр багтдаггүй өөрийн олон талыг бүрэн илэрхийлэх боломж олгож буйг онцолжээ.
Уран бүтээлч Billboard-д өгсөн ярилцлагадаа эхэндээ тавьсан олон зорилгодоо хүрсэн бөгөөд одоо зорилго нь улам тэлж, томорсон гэдгийг дурдаад, шинэ цомог нь түүний хөгжимчин болон дуу зохиогчийн хувьд өсөж хөгжих олон талт чадварыг харуулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.