АНУ-ын криптовалютын томоохон бирж болох Coinbase компанийн бодлогын ахлах ажилтан Фарьяр Ширзад "Clarity Act" буюу криптовалютын зохицуулалтын хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр "The Hill" телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ, энэхүү хуулийн төсөл нь улс төрийн хоёр намын дэмжлэгийг авч чадсан, Вашингтонд хамгийн их зөвшилцөлд хүрсэн асуудлуудын нэг болохыг онцлов. Гэсэн хэдий ч хуулийн төслийг батлах явцад зарим ахмад үеийн Ардчилсан намын гишүүд саад учруулж байгааг тэрээр дурдсан юм.
Фарьяр Ширзад энэхүү зөрчилдөөнийг үе хоорондын ялгаатай холбон тайлбарлаж байна. Түүний үзэж буйгаар, технологийн шинэчлэл болон санхүүгийн салбарт гарч буй өөрчлөлтийг залуу үеийнхэн илүү сайн ойлгож байгаа аж. "Энэ бол үе хоорондын шилжилт юм. Бид энэ асуудлаар ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байна, учир нь одоогоор АНУ-д 67 сая гаруй хүн криптовалют эзэмшиж байна" хэмээн тэрээр мэдэгджээ.
Хуулийн төслийн өнөөгийн байдал
Одоогоор хууль тогтоогчид "Clarity Act"-ын шинэчилсэн төслийг хэлэлцэж байна. Энэхүү төсөлд албан тушаалтнууд болон тэдний гэр бүлийн гишүүдийг криптовалют гаргах эсвэл сурталчлахыг хориглох заалт багтжээ. Өмнө нь сөрөг хүчнийхэн энэ асуудал дээр санал зөрөлдөж байсан юм.
Гэвч хуулийн төсөл бүрэн дэмжлэг авч чадаагүй хэвээр байна. Ардчилсан намын зарим гишүүд хуулийн одоогийн хувилбар хангалтгүй гэж үзэж байгаа бол банкны салбарынхан криптовалютын биржүүд хэрэглэгчдэд өндөр өгөөж амлаж байгаа нь банкны хадгаламжийн суурийг сулруулж болзошгүй гэсэн болгоомжлолыг илэрхийлсээр байна.
Ширзад "Бид ёс зүйн болон нэр дэвшүүлэх асуудлуудыг шийдвэрлэсэн, хуулийн агуулга нь ч хоёр намын зөвшилцөлд хүрсэн тул ажил хэрэг болоход бэлэн байна" хэмээн нэмж хэллээ. Хэрэв энэ хууль батлагдвал дэлхийн хамгийн том эдийн засагтай улсад криптовалютын зохицуулалт албан ёсоор тогтоогдох юм.