Дэлхийн томоохон криптовалютын биржүүдийн нэг болох Coinbase-ийн Бодлогын асуудал эрхэлсэн тэргүүн Фарьяр Ширзад криптовалютын салбарын зохицуулалтыг тодорхой болгох "Clarity Act" хуулийн төслийн талаар өөдрөг байр суурь илэрхийллээ.

Fox Business сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр Ширзад уг хуулийн төслийг хоёр намын өргөн дэмжлэгийг авсан онцгой ажил хэмээн тодорхойлсон байна. Тэрээр хуулийн төсөл эцсийн шатандаа орсон бөгөөд ирэх долоо хоногт санал хураалт явагдаж магадгүй гэдгийг мэдэгджээ.

Хуулийн төслийн эргэн тойронд

Хууль тогтоогчид криптовалютын зохицуулалтыг хуульчлах асуудлыг өнгөрсөн жилээс хойш хэлэлцэж байгаа юм. Шинээр боловсруулсан төсөлд албан тушаалтнууд болон тэдний гэр бүлийн гишүүдийг криптовалют гаргах, сурталчлахыг хориглох заалт орсон нь өмнө нь сөрөг хүчний зүгээс гарч байсан шүүмжлэлийг шийдвэрлэх алхам болжээ. Гэсэн хэдий ч Ардчилсан намын зарим гишүүд хуулийн төслийн өнөөгийн хувилбар хангалтгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсээр байна.

Мөн банкны салбарынхан тогтвортой ханштай криптовалют буюу stablecoin-ийн өгөөж болон ёс зүйн асуудлаар болгоомжлол илэрхийлж, энэ нь банкны хадгаламжийн бааз сууринд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзэж байгаа юм. Банкны лобби бүлгүүд крипто биржүүд харилцагчдад өндөр өгөөж амлах нь эрсдэлтэй гэж үзэж байна.

Банкны салбарын байр суурь

Эдгээр шүүмжлэлийн хариуд Фарьяр Ширзад банкнууд өөрсдөө криптовалютын технологийг аль хэдийн нэвтрүүлж эхэлснийг онцлов. Тэрээр "Банкны лоббичид өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа ч томоохон банкнууд энэ технологийг нэвтрүүлэх урт хугацааны төлөвлөгөөтэй байна" хэмээн мэдэгдлээ.

Одоогоор JP Morgan болон Bank of America зэрэг АНУ-ын томоохон банкнууд блокчэйн технологид суурилсан stablecoin бүтээгдэхүүнүүдийг гаргах сонирхолтой байгаагаа илэрхийлж, зарим нь үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.