Zcash (ZEC) нууцлалтай коины нөөцийг эзэмшдэг, мөн био технологийн Leap Therapeutics компанийг өөрийн мэдэлд байлгадаг Cypherpunk Technologies компани энэ оны хоёрдугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тус компани өнгөрсөн жилийн мөн үед 16.6 сая ам.долларын алдагдал хүлээж байсан бол энэ удаад 39.4 сая ам.долларын цэвэр ашигтай ажилласан байна.

Гэхдээ энэхүү ашиг нь крипто арилжаа хийж олсон бодит орлого биш юм. Cypherpunk компани үйл ажиллагааны түвшинд 4.7 сая ам.долларын алдагдалтай ажилласан бөгөөд судалгаа, хөгжүүлэлтийн зардалд 0.2 сая ам.доллар, ерөнхий болон удирдлагын зардалд 4.5 сая ам.доллар зарцуулжээ. Ийнхүү үйл ажиллагаа нь алдагдалтай байсан ч тэдний эзэмшиж буй ZEC-ийн ханшийн өөрчлөлтөөс үүссэн 46 сая ам.долларын хэрэгжээгүй үнэлгээний ашиг нь компанийн санхүүгийн эцсийн үр дүнг ийнхүү эерэг болгож өөрчилсөн байна.

Токен зараагүй ч бүртгэгдсэн ашиг

Энэхүү санхүүгийн бүртгэл нь Cypherpunk компаниас заавал токенуудаа зарахыг шаардахгүйгээр, зөвхөн зах зээлийн үнийн хэлбэлзлийг тайланд тусгах боломжийг олгодог нягтлан бодох бүртгэлийн аргачлал юм. Компани тайлант хугацааны эцэст Zcash-ийн нөөцөө тухайн үеийн зах зээлийн ханшаар үнэлж бүртгэдэг бөгөөд 6-р сарын 30-ны байдлаар нэг ZEC-ийг 400.09 ам.доллароор тооцон, нөөцийн нийт үнэлгээгээ баланс дээрээ 129.4 сая ам.доллар гэж тэмдэглэжээ.

8-р сарын 11-ний байдлаар тус компани 323,394.38 ширхэг Zcash эзэмшиж байгаа бөгөөд тэдгээрийг дунджаар 341.83 ам.доллароор худалдан авч байжээ. Энэ нь эргэлтэд байгаа нийт нийлүүлэлтийн ойролцоогоор 1.92%-ийг эзэлж байгаа бөгөөд худалдан авсан нийт өртөг нь баримжаагаар 110.5 сая ам.доллар болж байна. Харин 8-р сарын 12-ны UTC 11:27 цагийн байдлаар CoinGecko дээр ZEC-ийн ханш 489.34 ам.долларт хүрч, уг нөөцийн үнэлгээ ойролцоогоор 158.2 сая ам.доллар болж өсжээ.

Био технологийн салбар дахь алхам

Cypherpunk компани 6-р сарын 30-ны байдлаар 7.6 сая ам.долларын бэлэн мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгөтэй байгаагаа тайлагнасан бөгөөд үүнийг дижитал хөрөнгө хүлээн авах авлага гэж ангилсан ZEC-ийн үлдэгдлээс тусад нь бүртгэжээ.

Энэхүү бэлэн мөнгөний үзүүлэлтийн зэрэгцээ тус компанийн био технологийн охин компани болох Leap Therapeutics өөрсдийн "sirexatamab" бэлдмэлийг Клиникийн 3-р шатны хөгжүүлэлтэд шилжүүлэхэд шаардлагатай нөөцийг бүрдүүлэх үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Leap компанийн мэдээлснээр уг хөтөлбөрийг бие даасан хуулийн этгээд болгон санхүүжүүлэх эсвэл өөр эмийн болон био технологийн компанитай хамтран ажиллах, тусгай зөвшөөрөл олгох, нэгдэх, худалдах зэрэг хувилбаруудыг судалж байгаа аж. Cypherpunk-ийн зүгээс үүнд тодорхой цаг хугацаа заагаагүй бөгөөд санхүүжилт эсвэл хэлцэл амжилттай болно гэх баталгаа байхгүйг анхааруулсан байна. Мөн тэд Leap-ийн нөөц хайх үйл явцыг өөрсдийн Zcash-ийн стратегитай холбон тайлбарлаагүй юм.