Дэлхийд алдартай электро хөгжмийн Daft Punk хамтлагийн гишүүн, продюсер Томас Бангалтер 2010 оны Disney-н "Tron: Legacy" киноны хөгжмийг бүтээх үйл явцын талаар анх удаа дэлгэрэнгүй ярьсан байна. Тэрээр The A24 Podcast-д оролцохдоо уг ажлыг "сэтгэл гонсойлгосон" бөгөөд "хязгаарлагдмал" туршлага байсан хэмээн тодорхойлжээ.
Киноны найруулагч Жозеф Косински анх Daft Punk-аас бүхэлдээ электрон хөгжимтэй хөгжмийн найруулга хүссэн байна. Гэвч Бангалтер болон хамтлагийн нөгөө гишүүн Ги-Мануэль де Омем-Кристо нар энэ боломжийг ашиглан бүрэн хэмжээний симфони найрал хөгжимтэй хамтран ажиллахыг зорьжээ. Бангалтер энэ талаар ярихдаа "Бид Холливуд руу явж, Disney-н бүтээл тул симфони найрал хөгжим ашиглах ёстой гэж үзсэн" хэмээв.
Хөгжим бүтээх явцад тулгарсан хамгийн том бэрхшээл нь киноны дүрслэлтэй хөгжмийг уялдуулах байжээ. "Дунд давтамжийн дуу авиа нь киноны дүрүүдийн яриатай давхцаж байсан нь том асуудал үүсгэсэн. Киноны хөгжим гэдэг бол өөрийн санааг илэрхийлэхээс илүүтэйгээр, кинонд уусан шингэж, бусдад саад болохгүй байхыг шаарддаг. Өөрийн санаагаа бүрэн гаргаж чадахгүй, уламжлалт арга барил руу буцахаас өөр аргагүй болох нь үнэхээр сэтгэл гонсойлгодог зүйл" хэмээн тэрээр тайлбарлажээ.
Тус киноны хөгжим нь Daft Punk-ын хувьд анхны бүрэн хэмжээний киноны хөгжим байсан бөгөөд тухайн үед Бангалтер үүнийг өөрсдийн оролцсон хамгийн төвөгтэй бөгөөд сорилт ихтэй ажил хэмээн нэрлэж байв. Daft Punk хамтлаг 2021 онд 28 жил ажилласны эцэст тарсан бөгөөд Бангалтер эргэн нэгдэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн юм.