Германы үндэстэн дамнасан, тус улсын хамгийн том зээлдүүлэгч болох Deutsche Bank тун удахгүй буюу хэдхэн долоо хоногийн дараа криптовалют хадгалах (custody) үйлчилгээгээ нэвтрүүлэхээр бэлтгэж буй талаар хэвлэлүүд мэдээллээ.
Баасан гарагт гарсан Reuters агентлагийн мэдээнд дурдсанаар, тус банк ирэх жил уг платформоо Азийн зах зээлд өргөжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Deutsche Bank анх есдүгээр сард Европын байгууллага, корпорацын харилцагчдадаа зориулан биткойн хадгалах үйлчилгээ гаргах төлөвлөгөөгөө албан ёсоор зарласан бөгөөд тухайн үед энэ нь холбогдох зохицуулалтын шаардлагыг хангахаас хамаарна гэж мэдэгдэж байв.
Шинэ үйлчилгээ нь эхний ээлжинд биткойн тэргүүтэй голлох криптовалютуудыг хадгалах боломжийг олгох бөгөөд цаашид харилцагчдад стэйблкоин руу мөнгө шилжүүлэх, гаргахад туслах үйлчилгээнүүд рүү шилжих юм байна. Тус банкны корпорацын банкны хамтарсан тэргүүн Геральд Подобник санхүүгийн систем нь “токенжуулсан буюу блокчэйнд суурилсан шийдлүүдийг санал болгох” шаардлагатай болно гэдгийг онцолжээ.
Банкууд дижитал хөрөнгө рүү хошуурч байна
Сүүлийн жилүүдэд дэлхийн томоохон банкууд биткойныг ажиллуулдаг блокчэйн технологийг өөрсдийн бүтээгдэхүүнд ашиглаж эхлээд байгаа юм. Сүүлийн 18 сарын хугацаанд BNY Mellon, State Street, Standard Chartered, U.S. Bank болон Citigroup зэрэг байгууллагууд крипто хадгалах үйлчилгээг шууд санал болгохоо илэрхийлээд байна.
Крипто хадгалах үйлчилгээ нь дижитал хөрөнгийн салбарт орж буй банкуудын хувьд ихэвчлэн эхлэлийн цэг болдог. Тухайлбал, BNY Mellon 2022 онд дижитал хөрөнгө хадгалах үйлчилгээ үзүүлсэн АНУ-ын анхны томоохон банк болсон бол Citi, Standard Chartered зэрэг банкууд ч энэ онд дэлхий даяар биткойн хадгалах үйлчилгээгээ нэвтрүүлж эсвэл төлөвлөгөөгөө зарлажээ.