Хэрэглэгчдийн дунд өргөн тархсан харилцаа холбооны платформ болох Discord томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаагаа зарлалаа. Тус платформын олон нийтэд нээлттэй серверүүдийн мэдээлэл болон хэлэлцүүлгүүд цаашид Google Search дээр шууд илэрдэг болох юм.
Энэхүү шинэчлэлийн хүрээнд 2026 оны 11 дүгээр сарын 16-наас эхлэн хайлт хийх боломжтой бүх нээлттэй серверт зориулан "Server Web Page" буюу серверийн веб хуудас үүсгэх аж. Уг хуудсанд тухайн сервер дээр өрнөж буй яриа, хэлэлцүүлгийн тойм мэдээлэл багтана. Мөн 12 дугаар сарын дунд үеэс эхлэн эдгээр серверийн зарим мессеж веб хуудсанд ил харагдахаар болж байгаа юм. Ингэснээр хэрэглэгчид заавал тухайн серверт нэгдэх эсвэл Discord хаягтай байх шаардлагагүйгээр мессежүүдийг шууд унших боломжтой болно.
Шинэчлэлийн шалтгаан болон давуу тал
Одоогоор Discord-ийн хайлтын санд бүртгэлтэй 63,000 орчим нээлттэй сервер байдаг ч тэдгээрт зориулсан нийтийн веб хуудас байхгүй тул Google-д илэрдэггүй байв. Discord-ийн зүгээс энэхүү алхам нь бие даасан тоглоом хөгжүүлэгчид, шүтэн бишрэгчдийн бүлгүүд болон контент бүтээгчдэд өөрсдийн хамт олныг тэлэх, ажлаа бусдад түгээхэд тусална гэж тайлбарлажээ. Reddit зэрэг бусад платформууд хайлтын системийн урсгалаас үр шим хүртдэг шиг Discord ч мөн адил үр дүнд хүрэх магадлалтай байна.
Хувийн нууцлалын тохиргоо
Платформын хувийн нууцлалыг эрхэмлэдэг хэрэглэгчдэд зориулан Discord сонголт хийх боломжийг олгож байна. Серверийн админууд аль сувгаа хайлтад харуулахгүй байхыг өөрсдөө сонгох боломжтой бөгөөд бүх сувгаа ч хаах боломжтой аж. Хэрэв админ ямар нэг тохиргоо хийхгүй бол бүх нээлттэй суваг веб хуудсанд нэмэгдэнэ.
Хэрэглэгчдийн хувьд ч өөрийн мессежийг серверийн веб хуудсанд нийтлэгдэхээс татгалзах тохиргоог хийж болно. Харин хэлэлцүүлгийн тойм хэсэгт мессеж нь багтахаас татгалзах боломжгүй ч нийтийн веб хуудсан дээр хэрэглэгчийн нэр, профайл зураг (avatar) харагдахгүй юм. Хувийн сервер болон хоорондын шууд чат (DM) нь бүрэн нууцлалтай хэвээр үлдэнэ.