Disney Channel-ийн алдарт “ZOMBIES” цуврал мюзикл киноны эхний гурван ангид Бригийн дүрийг бүтээсэн жүжигчин Карла Жеффри 33 насандаа таалал төгссөн тухай түүний агентлаг Лхагва гарагт (9-р сарын 2) албан ёсоор мэдэгдлээ.
Жүжигчний инстаграм хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд: “Бидний хайртай Карла Жеффри 2026 оны 9-р сарын 1-нд дөнгөж 33 насандаа таалал төгссөнийг гүнээ харамсан хуваалцаж байна. Тэрээр 12 настайдаа Alexanders Talent Management гэр бүлд нэгдэж байсан бөгөөд 20 гаруй жилийн турш бид түүнийг инээмсэглэлээрээ гэрэл цацруулсан, авьяаслаг бүсгүй болон өсөж буйг харах завшаан тохиосон билээ” хэмээн дурджээ. Мөн энэхүү хүнд цаг үед түүний гэр бүлийн хувийн орон зайг хүндэтгэхийг хүссэн байна.
Хьюстон хотод төрсөн Карла Жеффри бага наснаасаа дэлгэцийн уран бүтээлд тоглож эхэлсэн бөгөөд анх 2006 онд “Phat Girlz” кинонд тоглож байжээ. Түүнчлэн 2007-2009 оны хооронд HBO сувгийн “Curb Your Enthusiasm” цувралд Кейшагийн дүрийг бүтээж байв.
Тэрээр 2018 онд Disney Channel-ийн “ZOMBIES” кинонд Бригийн дүрийг авч, улмаар 2022 оны “ZOMBIES 3” хүртэлх ангиудад тоглосон төдийгүй 2024 оны “Zombies: The Re-Animated Series” хүүхэлдэйн цувралд мөн уг дүрдээ дуу оруулсан юм.
Түүний хамтран тоглогч, “ZOMBIES” киноны од Майло Манхайм болон “ZOMBIES 4” киноны жүжигчин Фрейя Скай нар сэтгэгдэл үлдээн, эмгэнэл илэрхийлжээ.