Marvel, Star Wars, Pixar зэрэг томоохон контентуудыг албан ёсоор хүргэдэг Disney+ стриминг үйлчилгээ хэрэглэгчдэдээ зориулан бусад платформуудтай хамтарсан багцын хямдралуудыг зарлалаа. Тус платформоос Pixar-ийн шинэ кино болох "Hoppers", "X-Men '97" цувралын хоёрдугаар улирал болон удахгүй гарах "Percy Jackson and the Olympians" бүтээлийн гуравдугаар улирлыг үзэх боломжтой юм.
Эдгээр саналуудын дундаас Disney+ ба Hulu багцын зар сурталчилгаатай хувилбарыг эхний 6 сарын хугацаанд сарын 11.99 ам.доллароор (дараа нь сарын 12.99 ам.доллар болно) ашиглах боломжтой болжээ. Харин зар сурталчилгаагүй хувилбар нь 6 сарын турш сарын 17.99 ам.доллар байх бөгөөд урамшууллын хугацаа дуусмагц сарын 19.99 ам.доллар болж шинэчлэгдэх юм.
Түүнчлэн олон төрлийн кино, нэвтрүүлэг үзэх сонирхолтой хүмүүст зориулсан Disney+, Hulu болон HBO Max багц зарлагдсан байна. Уг багцын зар сурталчилгаатай хувилбар нь сарын 19.99 ам.доллар (тус тусад нь авахаас 42% хэмнэнэ), зар сурталчилгаагүй нь сарын 32.99 ам.долларын үнэтэй (41% хэмнэнэ) байгаа аж. Үүнээс гадна спорт сонирхогчдод зориулсан Disney+, Hulu болон ESPN Unlimited бүхий багцыг сарын 35.99 ам.доллароор санал болгож байна.