DJ, хөгжмийн продюсер Tiësto буюу Tijs Verwest-ийн хамтран үүсгэн байгуулсан тайз, энтертайнмент арга хэмжээний продакшн компани болох Unlimited Productions АНУ дахь анхны салбараа нээснээ даваа гарагт (11-р сарын 9) зарлалаа.
Нью-Йорк хотод байрлах шинэ салбарыг тус компанийн хамтрагч бөгөөд удирдах захирал Jan Maarten Luijnenburg удирдаж байна. Мөн тус компани 2027 оны эхээр АНУ-ын Баруун эрэгт дараагийн салбараа нээхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Европын төв байр нь Нидерландын Бреда хотод байрладаг уг компани ийнхүү АНУ дахь үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.
Unlimited Productions нь АНУ-д сүүлийн үед хэд хэдэн томоохон төсөл дээр ажиллажээ. Тухайлбал, Пенсильвани мужийн Лонг Понд хотод болсон Elements Music & Arts Festival-ийн продакшн захирлаар ажиллаж, тус наадмын Fire болон Earth тайзны загварыг бүтээсэн байна. Мөн Филадельфи дахь HiJinx Festival-ийн гол тайзны дизайныг шинэчилсэн бөгөөд Martin Garrix-ийн аялан тоглолтын тоноглолыг угсарчээ. Түүнчлэн 2025 оны 12-р сард Гизагийн пирамидын дэргэд болсон Tiësto-гийн тоглолтын продакшныг хариуцан ажилласан байна.
Анх 2005 онд Jack van Deursen болон Olivier Monod de Froideville нар уг компанийг Livetime Productions нэртэйгээр байгуулж байжээ. Улмаар 2009 онд Bart Roelen болон DJ, хөгжмийн продюсер Tiësto нар нэгдсэнээр Unlimited Productions болон өргөжсөн түүхтэй. Өдгөө тус компани нь хэвлэлийн мэдээнд дурдсанаар томоохон шоу, наадмуудын "архитектор, ерөнхий гүйцэтгэгч болон талбайн хянагч"-аар ажилладаг байна.