АНУ-ын Засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх байгууллага буюу DOGE-ийн гаргасан зардлыг хэмнэх тухай тайлангууд бодит байдал дээр нотлогдохгүй байгааг АНУ-ын Засгийн газрын хариуцлагын газар (GAO) онцоллоо. Тус байгууллага нь АНУ-ын Конгрессын хяналт шалгалтын үүрэг бүхий байгууллага юм.
DOGE нь өөрсдийн "Баримтын хана" (Wall of Receipts) хэмээх тайландаа томоохон хэмжээний хэмнэлт хийсэн гэж мэдэгдсэн ч, гаднах шинжээчид болон төрийн аудитын байгууллага эдгээр тоо баримтыг баталгаажуулж чадаагүй байна. Тухайлбал, DOGE нь тэтгэлэгт хөтөлбөрүүдийг танаснаар 49.2 тэрбум долларын хэмнэлт гаргасан гэж мэдэгдсэн юм.
Гэвч GAO-ийн тайланд дурдсанаар, DOGE-ийн бүртгэсэн 15,887 тэтгэлэгт хөтөлбөрийн 13,553-ынх нь талаарх мэдээлэл хангалтгүй байжээ. Энэ нь тус байгууллагын зарласан хэмнэлтийн 96 хувийг баталгаажуулах боломжгүй гэсэн үг юм.
Энэхүү шалгалтыг АНУ-ын Сенатын гишүүд болох Гэри Питерс болон Ричард Блументал нарын 2025 оны зургадугаар сард гаргасан хүсэлтийн дагуу хийжээ. Тайланд дурдсанаар, DOGE-ийн ашигласан тооцооллын аргачлал болон хэмнэлтийн бүрэлдэхүүн хэсгийг нотлох хангалттай мэдээлэл байхгүй байгаа нь тодорхой болсон байна.