Америкийн дуу оруулагч жүжигчин Стефани Надольны, алдарт “Драгон Болл Зэт” (Dragon Ball Z) анимэ киноны Гоку болон түүний хүү Гоханы дууг англи хэлээр оруулснаараа олонд танигдсан билээ. Тэгвэл тэрээр саяхан Техас мужид өмч хулгайлсан хэргээр баривчлагдаж, торны цаана суусан байна.
Dexerto цахим хуудасны мэдээлснээр, Надольны өмнө нь ч гэсэн хуулийн байгууллагатай холбоотой асуудалд оролцож байсан аж. Түүнийг 2023 оны 10-р сард баривчилж, 2500 доллараас 30 мянган долларын үнэтэй эд зүйл хулгайлсан хэргээр буруутгажээ. Тэрээр хэсэг хугацаанд шоронд хоригдсоны эцэст батлан даалтаар суллагдсан байна.
Энэхүү хэрэг нь Драгон Боллын шүтэн бишрэгчдийг цочирдуулж, нийгмийн сүлжээнд олон янзын сэтгэгдэл төрүүлээд байна. Зарим нь түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлж, харин зарим нь ийм алдартай хүний хувьд ичгүүртэй хэрэг болсон гэж үзэж байгаагаа бичжээ.
Надольны нь зөвхөн Драгон Боллд дуу оруулахаас гадна, “Кэйс Клозд” (Case Closed) зэрэг бусад анимэ кинонд ч дуу оруулж байсан туршлагатай жүжигчин юм.