Алдарт R&B урсгалын Earth, Wind & Fire хамтлаг болон Лайонел Ричи нарын Сан-Франциско хотын Chase Center-т болох байсан тоглолт сүүлийн мөчид цуцлагдлаа. Энэхүү шийдвэрийг хамтлагийн гишүүний эрүүл мэндийн гэнэтийн асуудлаас үүдэн гаргасан байна.

Хамтлагийн зүгээс Instagram хуудсаараа дамжуулан "Бид хамтлагийн гишүүний эрүүл мэндийн яаралтай асуудлаас болж өнөө орой Chase Center-т тоглох боломжгүй боллоо" хэмээн мэдэгджээ. Одоогоор хамтлагийн аль гишүүн өвчилсөн болон эрүүл мэндийн асуудлын шинж чанарын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна. Мөн хамтлагийн хэвлэлийн төлөөлөгч энэ талаарх нэмэлт тайлбар өгөөгүй байгаа юм.

Энэхүү тоглолт хойшлогдсон бөгөөд шинэ товыг удахгүй зарлах аж. Тасалбар эзэмшигчид нь тасалбараа хадгалж үлдэхийг хүссэн бөгөөд үүнийг шинэ тоглолтын өдөр хүчинтэйд тооцох юм. Хэрэв үзэгчид оролцох боломжгүй бол тасалбар худалдаж авсан цэгээсээ мөнгөө буцаан авах боломжтой.

ABC 7 сувгийн мэдээлснээр, тус өдрийн орой Chase Center-ээс мэдэгдэл гаргасны дараа танхимд орсон байсан болон гадаа дугаарлан зогсож байсан олон мянган үзэгчид барилгыг орхин гарахад хүрсэн байна.

Энэхүү аялан тоглолт өмнө нь ч хүндрэлтэй тулгарч байсан удаатай. Тухайлбал, зургадугаар сарын 24-нд болсон аялан тоглолтын нээлтийн үеэр Лайонел Ричи тайзан дээр толгой эргэсний улмаас тоглолтоо дуусгалгүй орхиж байв. Тэрээр дараагийн хоёр тоглолтоо хойшлуулсны эцэст зургадугаар сарын 30-нд тайзан дээрээ эргэн ирж, үзэгчидтэйгээ хошигнон ярилцсан юм.

Earth, Wind & Fire хамтлагийн хувьд дараагийн тоглолт Калифорни мужийн Палм Десерт хотод товлогдоод байна.