АНУ-ын Мичиган мужийн Ротбери хотод зохион байгуулагдсан Electric Forest хөгжмийн наадмын үеэр эмгэнэлт явдал болжээ. Наадмын VIP хэсэг болох "Good Life" талбайн нийтийн бие засах газарт цэвэрлэгээний багийнхан нярайн цогцос олсон байна.
Албаныхны мэдээлснээр, тухайн нярай нь амьд төрсөн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг гарах үед эх нь хэргийн газраас зугтсан байна. Одоогоор тухайн эмэгтэйн хувийн мэдээлэл тодорхойгүй байгаа бөгөөд хууль сахиулах байгууллага уг хэргийг заавал илрүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Наадмын үеэр гарсан энэхүү цочирдом мэдээлэл олон нийтийг цочроосон бөгөөд үүний дараахан наадамд оролцогч 28 настай Жерард Жэксоны цогцос наадмын ойролцоох ойд олдсон байна. Эрх баригчид түүнийг амиа хорлосон байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Наадмын үеэр ажиллаж байсан Мичиган мужийн цагдаагийн газрын дэд дэслэгч Пат Агемагийн хэлснээр, хэрэг гарсан даруйд мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн байна. Гэнэтийн энэхүү үйл явдлууд 40 мянга орчим хүний бүрэлдэхүүнтэй хөгжмийн баярын уур амьсгалыг эрс өөрчилж, оролцогчдын дунд түгшүүр төрүүлжээ. Хэдийгээр цаг агаарын таагүй байдал болон болсон үйл явдлуудаас үүдэн наадмын сүүлийн өдөр хүндхэн уур амьсгал бүрдсэн ч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсээр байна.