Америкийн спортын томоохон сүлжээ ESPN-ий нэрт тайлбарлагч, сэтгүүлч Майкл Уилбон эрүүл мэндийн асуудлын улмаас тодорхойгүй хугацаагаар ажлаа завсарлаж байгаагаа Даваа гарагт зарлалаа.
Өдгөө 67 настай тэрбээр сүүлийн саруудад эрүүл мэндийн хэд хэдэн асуудалтай тэмцэж байгаа бөгөөд энэхүү завсарлага нь түүний хөтөлдөг “Pardon the Interruption” (PTI) шоу болон ESPN, ABC сувгаар хүргэдэг NBA-ийн ажлуудад бүгдэд нь хамаарч байгаа ажээ. Уилбон энэ талаараа “Энэ бол зодог тайлалт биш, гэмтэл авсан тоглогчдын жагсаалт руу түр шилжиж буй хэрэг” хэмээн тайлбарласан байна. Түүнчлэн эмч нар болон хамтран зүтгэгч Тони Корнхайзер нарын зөвлөгөөг эртнээс дагаж, өмнө нь завсарлага авах ёстой байснаа хүлээн зөвшөөрчээ.
Тэрбээр олон нийтийн дунд элдэв таамаглал гарахаас сэргийлж, энэхүү шийдвэр нь архи, мөрийтэй тоглоомтой огт холбоогүй, зөвхөн эрүүл мэндийн шалтгаантай болохыг тодотгосон байна.
Уилбон болон ESPN-ийн өөр нэгэн алдартай хөтлөгч Стивен А. Смит нар 30 орчим жилийн нөхөрлөлийн түүхтэй. Саяхан өнгөрсөн наймдугаар сард Уилбон подкастад оролцохдоо Смитийг багийн бэлтгэлд очиж сурвалжилга хийхээ больсон тул одоо сэтгүүлч биш болсон хэмээн ярьж байсан бөгөөд Смит ч түүний үгийг хүлээн зөвшөөрч байсан юм.
2001 оны аравдугаар сарын 22-нд анх цацагдсан “PTI” шоуг хамтрагч Корнхайзертайгаа 25 жилийн турш хамтран хөтөлж буй Уилбоны эзгүйд түүнийг хэн орлох болон завсарлага хэр удаан үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байна. Дашрамд дурдахад, уг хоёр сэтгүүлч 2027 оны эхээр Аризона мужийн их сургуулиас сэтгүүл зүйн салбарын нэр хүндтэй Уолтер Кронкайтын нэрэмжит шагнал хүртэхээр төлөвлөгдөөд байгаа юм.