Их Британийн алдартай Fat Dog хамтлаг өөрсдийн удахгүй гарах 'Cancel Me (I’m Tired)' нэртэй шинэ цомгийнхоо гурав дахь сингл болох 'Shit Love' дуугаа гаргалаа. Энэхүү шинэ бүтээл нь синтезатор дуугаралтад суурилсан хурдтай хэмнэлтэй дуу юм.
Хамтлагийн ахлагч Joe Love-ийн хэлснээр, тус дуу нь "байнга хэрэлддэг, уулзалт бүр дээрээ ертөнцийн төгсгөл шиг аашилдаг хоёр галзуу хүний" тухай өгүүлдэг аж. Сонсогчид уг дууг албан ёсны сувгуудаар сонсож, дүрс бичлэгийг нь үзэх боломжтой юм.
Тэдний удахгүй гарах шинэ цомог нь 2024 онд гарсан 'WOOF' цомгийн үргэлжлэл бөгөөд электро-панк, арт-поп, рок-н-ролл болон кантри стилийг хослуулсан, олон талт бүтээл болно хэмээн тодорхойлжээ. Нийт 10 дуу багтсан энэхүү цомог аравдугаар сарын 2-нд худалдаанд гарахаар төлөвлөгдсөн байна.
Fat Dog хамтлаг нь одоогоор зуны томоохон хөгжмийн наадмуудад оролцож байгаа бөгөөд аравдугаар сараас эхлэн Их Британи болон Европын орнуудаар аялан тоглолт хийхээр төлөвлөжээ.