Вэб хөтчүүд таны цахим алхам бүрийг мөшгөж, шаардлагагүй хиймэл оюун ухааны (AI) функцуудыг хүчээр тулгаж байгаад бухимдаж байна уу? Тэгвэл Firefox вэб хөтчийг хөгжүүлэгч ашгийн бус Mozilla байгууллага Google Chrome зэрэг хөтчөөс хэрэглэгчдийг татах зорилгоор “Come Back to Firefox” нэртэй шинэ сурталчилгааны кампанит ажил эхлүүлжээ.
Энэхүү сурталчилгаанд 2000-аад оны сүүл, 2010-аад оны эхэн үеийн интернэтийн алдартай дүрүүд болон бодит амьдрал дээрх мемийн эзэд нэгдсэн байна. Тухайн үед Firefox дэлхийн вэб хөтчийн зах зээлийн 32 хүртэлх хувийг эзэмшиж байсан бол одоогоор ойролцоогоор 2.8 хувийг эзэлж байгаа аж.
Хуучны интернэт цаг үеийг сануулав
Сурталчилгааны бичлэгийн эхэнд Numa Numa Guy гарч, “Интернэтэд юу тохиолдоо вэ? Өмнө нь хөгжилтэй байсан шүү дээ” хэмээн асуудаг. Бичлэгт Overly Attached Girlfriend, Annoying Orange, “Chocolate Rain” дуугаараа алдаршсан Tay Zonday, Bad Luck Brian, Success Kid, Where the Hell is Matt?, Kelly's Shoes, Apparently Kid, Chuck Testa зэрэг олон танил дүрүүд багтжээ.
Эдгээр дүрүүд нь өнөөгийн хөтчүүд хэрэглэгчийн бүх хөдөлгөөнийг мөшгөж, зарын зорилгоор мэдээллийг нь зарж, хиймэл оюун ухааныг хүчээр тулгахаас өмнөх үеийг эргэн дурсаж буй юм. Уг бичлэгийг хиймэл оюун ухаанаар бүтээгээгүй бөгөөд дээрх алдартнуудын өнөөгийн бодит дүр төрхийг харуулжээ.
Mozilla-ийн Маркетингийн захирал Жон Соломон Mashable-д өгсөн мэдэгдэлдээ, интернэт хамгийн хөгжилтэй, сонирхолтой байсан үеийг эргүүлэн сануулахыг зорьсон тухайгаа онцолсон байна.
Хэрэглэгчийн нууцлал ба сонголт
Firefox нь хиймэл оюун ухаанд хэт автаж, хэрэглэгчийн дадлыг тагнадаг бусад хөтчүүдээс өөр хувилбарыг санал болгож байна. Тус хөтөч нь хэрэглэгчийн хандалтыг нууцлахад туслах суурилуулсан үнэгүй VPN, хиймэл оюун ухааны боломжуудыг өөрийн хүслээр тохируулах AI удирдлага, мөн гар утасны хувилбартаа зар хаагчтай (ad blocker) ирдэг аж.