Австралийн дуучин, олон хөгжмийн зэмсэг тоглодог уран бүтээлч G Flip-ийн шинэ уран бүтээл болох "Bed On Fire" нь тус улсын радио болон хөгжмийн чартуудад өндөр амжилт үзүүлсээр байна.

Энэхүү дуу нь Австралийн үндэсний радиогийн AirPlay чартыг сүүлийн гурван долоо хоног дараалан тэргүүлсэн бөгөөд энэ оны хамгийн удаан хугацаанд радиогийн жагсаалтыг тэргүүлсэн австрали дуу болжээ. Мөн уг бүтээл нь G Flip болон түүний хамтран ажилладаг хараат бус AWAL лейблийн хувьд тус чартыг тэргүүлсэн анхны бүтээл болж тэмдэглэгдэж байна.

Уг дуу нь өнгөрсөн тавдугаар сард Amazon-ий "Off Campus" олон ангит цувралд эгшиглэснийхээ дараа асар их хандалт авсан юм. Түүнчлэн уг уран бүтээл нь ARIA Singles Chart-ийн шилдэг 40-д багтсанаас гадна Billboard-ийн "Alternative Digital Song Sales" чартын 2-р байр, "Hot Rock & Alternative Songs" чартын 46-р байрт хүрчээ. Одоогийн байдлаар Австралид алтан гэрчилгээ хүртсэн тус дуу нь нийт 67 сая гаруй стрим хандалт авч, өдөрт 982,000 хүртэл удаа сонсогдож байсан гэж Sony Music Australia-ийн радиогийн төлөөлөгчид мэдээлсэн байна.

"Bed On Fire" нь G Flip-ийн гурав дахь студийн цомог болох "Dream Ride"-д багтсан бөгөөд уг цомог нь өнгөрсөн есдүгээр сард ARIA Albums Chart-ийн 4-р байрт бичигдэж байв.

Ийнхүү амжилт үзүүлж буй G Flip Австралийн хөлбөмбөгийн лиг буюу AFL-ийн 2026 оны шигшээ тоглолтын нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор болжээ. Melbourne Cricket Ground (MCG) цэнгэлдэх хүрээлэнд болох тус тоглолтыг 100,000 гаруй үзэгч үзэх төлөвтэй байгаа бөгөөд G Flip нь Майкл Пэйнтер, Майк Брэйди болон гол уран бүтээлч Кайли Миноуг нартай хамт тайзан дээр гарах юм.