"Dropout" стриминг платформын алдартай контент болох "Game Changer" шоуны 8-р улирал авьяастны тэмцээн болон "Squid Game"-ийг хослуулсан онцгой дугаараар өндөрлөлөө. "Last Talent Standing" нэртэй энэхүү финалд оролцогч хасагдах бүрд шагналын санд мөнгө нэмэгдэх зарчмаар явагдсан байна.

Тус дугаарт нийт 23 оролцогч өрсөлдсөнөөс гадна стендап хошин шогч Жанмарко Сорези, Кумэйл Нанжиани, Мария Бэмфорд нар шүүгчээр ажиллажээ. Энэхүү дугаарын тайзны ард болсон зарим сонирхолтой үйл явдлуудын талаар хөтлөгч Сэм Райх Mashable сайтад ярьсан байна.

Анх төлөвлөхөд хошин шогч Жанмарко Сорези шүүгч биш, харин тэмцээний оролцогч байхаар сонгогдсон байжээ. Гэвч Кумэйл болон Мария нар хэт зөөлөн хандлагатай байсан тул Саймон Коуэлл шиг хатуу чанга өнгө аяс оруулах үүднээс Сэм Райх түүнийг шүүгчийн суудалд шилжүүлсэн гэдгээ тайлбарлав.

Түүнчлэн шоуны зураг авалт хэт их цаг авах эрсдэлтэй байсан тул зарим төлөвлөгөөгөө цуцалжээ. Анх 25 хүн оролцох ёстой байсан ч 2 оролцогч болиход оронд нь өөр хүн нэмээгүй байна. Мөн үе хоорондын жазз уралдаан, Шотланд аялгаар ярих зэрэг бяцхан тэмцээнүүдийг хугацаа хэмнэх үүднээс хасжээ.

Оролцогчид 2-р үеэс өмнө нуусан хайрцгуудыг санамсаргүй нээж, цаасыг нь урах зэрэг хөгжилтэй алдаа гаргасан ч бүтээлч баг үүнд урьдчилан бэлтгэлтэй байсан тул зураг авалтыг хэвийн үргэлжлүүлсэн байна.