Видео тоглоом хөгжүүлэгч Owlcat Games нь gamescom арга хэмжээний үеэр зохион байгуулагдсан GameStar-ын Find Your Next Game үзүүлбэрийн үеэр The Expanse: Osiris Reborn тоглоомынхоо шинэ трэйлер болон тоглолтын явцыг (gameplay) дэлгэн үзүүллээ.
Энэхүү танилцуулгаар тоглоомын дунд үеийн нэгэн даалгаврыг дэлгэрэнгүй харуулсан бөгөөд тоглогчид Ганимед (Ganymede) руу явж, Protogen-ий нууц бааз руу нэвтрэх үйл явдал өрнөдөг байна. Тоглоомын гол дүр болох Ахмад болон түүний ихэр Жэй (J) нар Pinkwater станц дээр алдсан мэдээллээ буцаан авахаар зорьж буй юм.
Даалгаврын эхэнд ихрүүд Protogen бааз руу нууцаар нэвтэрч, ажилтнуудтай ярилцан, анхаарал татахгүйгээр мэдээлэл хадгалах хэсэгт хүрэхийг оролддог. Энэ хооронд багийн бусад гишүүд өөр газраас техникийн дэмжлэг үзүүлж ажилладаг аж.
Гэвч ажиллагааны явцад гэнэтийн гуравдагч тал хөндлөнгөөс оролцож, тус байгууламж дотор биотехнологийн аргаар бүтээсэн мангасыг сулласнаар нууц нэвтрэлт бүтэлгүйтэж, гал нээсэн ширүүн тулаан болон хувирдаг байна. Ийнхүү ихрүүд тулалдаж байж тус газраас гарах шаардлагатай болдог ажээ.