Дэлхий дахинд нэрд гараад буй Исландын дуучин, хөгжмийн зохиолч Laufey (Лёйвэй) нь Etsy онлайн худалдааны платформтой хамтран “A Matter of Time” нэртэй өөрийн хөгжмийн уран бүтээлээс сэдэвлэсэн өвөрмөц цуглуулга гаргажээ. Энэхүү цуглуулгад гоёл чимэглэл, хувцас, жижиг сажиг зүйлс багтсан бөгөөд Laufey өөрөө загварыг нь гаргах эсвэл гараар сонгож авсан байна.
Etsy бол гараар хийсэн, хуучны эд зүйлс, урлагийн бүтээл зардаг онлайн худалдааны том платформ юм. Тэд залуу уран бүтээлчдийг дэмжиж, өвөрмөц бүтээгдэхүүн худалдаалах боломж олгодог билээ. Laufey-н хувьд сонгодог хөгжмийн боловсролтой, жазз болон поп хөгжмийг хослуулсан өөрийн гэсэн өвөрмөц стильтэй дуучин юм. Түүний дуунууд залуусын дунд маш их алдартай бөгөөд ялангуяа TikTok зэрэг сошиал медиа платформуудаар дамжуулан дэлхий дахинд тархсан.
Энэхүү хамтын ажиллагаа нь Laufey-н фэнүүдэд дуртай дуучныхаа хэв маягийг илэрхийлэх, зуны хөгжмийн фестивалийн дүр төрхөө бүрдүүлэхэд туслах зорилготой юм. Цуглуулгад багтсан бүтээгдэхүүнүүд нь Laufey-н хөгжмийн уур амьсгалыг илэрхийлсэн, романтик, сонгодог хэв маягтай байхаар хийгдсэн байна. Тиймээс зуны фестивалиар гангарч, өөрийгөө илэрхийлэхийг хүсэж буй залуус Laufey болон Etsy-гийн хамтарсан цуглуулгад анхаарлаа хандуулаарай.