2009-2015 оны хооронд зургаан улирлын турш үзэгчдийн хүртээл болсон алдартай «Glee» цувралыг дахин сэргээх талаар тус цувралыг бүтээгч Раян Мёрфи ярьжээ. Тэрээр Нью-Йорк хотод болсон өөрийн шинэ бүтээл «The Shards» цувралын нээлтийн үеэр энэ тухай дурдсан байна.

Раян Мёрфи сүүлийн үед залуу үеийнхэн «Glee»-г шинээр нээж, ихээр сонирхон үзэх болсныг анзаарчээ. Энэхүү үзэгдэл нь түүнийг уг цувралыг дахин сэргээх тухай бодоход хүргэсэн байна. Тэрээр «Glee»-д хайртай, түүний утга агуулга олон хүнд чухал нөлөө үзүүлснийг онцлоод, цувралыг шинэ хэлбэрээр үзэгчдэд хүргэх боломжтойг үгүйсгэсэнгүй.

«Glee» цуврал нь Уильям МакКинлигийн ахлах сургуулийн «New Directions» дууны бүлгэмийн сурагчдын тухай өгүүлдэг бөгөөд хөгжмийн үзүүлбэрүүдийг бэлгийн чиг баримжаа, арьс өнгө, дээрэлхэлт болон харилцааны асуудлуудтай хослуулснаараа онцлог байв. Тус цувралд Леа Мишель, Кори Монтейт тэргүүтэй жүжигчид тоглож байсан бол Бритни Спирс, Гвинет Пэлтроу зэрэг олон алдартан зочноор оролцож байсан түүхтэй.

2010 онд «Glee»-гийн баг «The Beatles»-ийг гүйцэж, Billboard Hot 100 жагсаалтад хамгийн олон удаа багтсан гоцлол дуучин биш хамтлаг болж байв. Мөн тэдний дуулсан Journey хамтлагийн «Don’t Stop Believin’» дуу нь уг бүтээлийг шинэ үеийнхэнд таниулахад ихээхэн хувь нэмэр оруулсан билээ. Өнгөрсөн жил дуучин Чаппелл Роан «Glee»-гийн нэгэн ангийг шүүмжилснээсээ болж шүтэн бишрэгчдээсээ уучлалт гуйж байсан нь уг цуврал өнөөдөр ч олны анхааралд байдгийг харуулсан юм.

Раян Мёрфигийн хувьд одоогоор Брет Истон Эллисийн ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн, элит сургуулийн сурагчдыг онилсон цуврал алуурчны тухай өгүүлэх «The Shards» төсөл дээрээ ажиллаж байна.