Алдарт CeeLo Green болон продюсер Danger Mouse нарын бүрдүүлдэг Gnarls Barkley дуэт 18 жилийн дараах анхны аялан тоглолтоо албан ёсоор зарлалаа. 2008 оноос хойш амьд тоглолтоо хийгээгүй байсан тэд энэ оны 11 дүгээр сард ‘To Whom It Still Concerns’ нэртэй аялан тоглолтоо эхлүүлэх гэж байна.

Энэхүү аялан тоглолтын Хойд Америк дахь хэсэг 11 дүгээр сарын 5-нд Сан-Франциско хотын “The Masonic” танхимаас эхэлж, Лос-Анжелес, Атланта, Детройт, Бостон, Силвер Спринг, Торонто, Нью-Йорк зэрэг хотуудаар дамжин 11 дүгээр сарын 28-нд Чикагод өндөрлөнө. Үүний дараа тэд 12 дугаар сард Их Британи руу явж Манчестер, Глазго, Волвергемптон болон Лондон хотуудад нийт дөрвөн тоглолт хийхээр төлөвлөжээ.

Ирэх тоглолтуудын талаар дуучин CeeLo Green хэлэхдээ, “To Whom It Still Concerns аялан тоглолт нь нээлттэй ном шиг ажиллаж, амьдрал, үхэл болон тэдгээрийн дундах бүх зүйлийг хөндөнө. Эдгээр дуунууд бол гунигт түүхийн гэгээлэг тал нь юм” хэмээн онцолсон байна.

Энэхүү тоглолтын мэдээ нь хамтлаг уран бүтээлийн 18 жилийн завсарлагаа дуусгаж, гурав дахь бөгөөд эцсийн цомог болох ‘Atlanta’-ийн эхний сингл ‘Pictures’ дуугаа цацсаны дараа гарч байна. Тэд 2006 онд ‘St. Elsewhere’, 2008 онд ‘The Odd Couple’ цомгуудаа гаргаж байсан бөгөөд анхны цомгийн ‘Crazy’ дуу нь зөвхөн дижитал таталтаар Их Британийн чартыг тэргүүлсэн анхны сингл болж, 9 долоо хоногийн турш нэгдүгээрт жагсаж байсан түүхтэй.